2021.01.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
УИХ-ын гишүүн Н.Ганибал "Судар эгшиглэн-2021" төсөлд нэгдлээ
МУСГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сангаас зарлагдаж буй Сүхбаатар аймгийн "ОНЫ ШИЛДЭГ УНШИГЧ" шалгаруулах "Судар эгшиглэн-2021" төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал дэмжин оролцож байна.
Түүний ээж Содовын НАРАНГЭРЭЛ нь 1973-1980 онд тус аймгийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Тиймээс Н.Ганибал гишүүний бага нас ээжийнхээ ажиллаж байсан номын цагаан өргөөтэй салшгүй холбоотой бөгөөд уг номын сангийн байнгын уншигч байжээ.
Энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн номын сан байнгын олон уншигчтай болж, цахим орчноос мэдээлэл авахаас илүү хүнийг ухааруулж, оюуны хийгээд сэтгэлгээний гайхамшгийг бий болгох чадалтай номын хүчинд дурлаасай гэж хүсэж байгаагаа тэрээр хэлж байсан.
Мөн ном унших нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Тиймээс энэхүү аяны хүрээнд хүн заавал унших 15 номын нэгээр Д.Маамын "Газар шороо" роман болон Жюль Вернийн "Дэлхийн төв рүү аялсан нь" номыг нэрлэж байна.
Тэрээр, 8 настай балчраас 80 настай буурлууд хүртэл нийт Сүхбаатарчууд "Судар эгшиглэн-2021" аянд идэвхтэй оролцож, цаг хугацаа, орон зайн далайгаар аялах хөлөг онгоц болсон олон сайхан ном уншиж, зүрх сэтгэлээ баясгаарай хэмээн уриалж байна.