УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна.
Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
"Засгийн газар солигдоно гэдэг бол төрийн алба, нийгэм, эдийн засаг маш их хүлээлтэнд ордог. Шинээр томилогдож байгаа сайд нар салбар салбартаа хурдтай ажиллаж, хийх ажлаа шуурхайлна биздээ. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим, инновацын яам байгуулна гэлээ. Энэ бол чухал юм.
Боловсролын сайд УИХ-ын гишүүн хүнийг нэр дэвшүүлсэнд талархаж байна. Боловсролын салбарт томоохон арга хэмжээ хүлээгдэж байна. Өмнөх сайд олон том ажил эхлүүлсэн. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга байсан хүн хууль эрх зүйн хувьд олон том ажил хийж хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
Хатуу хөл хорионы үед хүнсний хангамж харьцангуй тогтвортой байлаа. Өнгөрсөн Засгийн газар Ковидтой тэмцсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ковидтой тэмцээд л байх уу эсвэл бусад салбаруудын томоохон ажлуудаа хэрэгжүүлэх үү? МАА салбар бол Оюутолгойгоос ч илүү шавхагдашгүй баялаг шүү. Цахим бодлого, инновац, технологийн шийдэл энэ салбарт маш чухал.
Экспорт, экспорт, экспорт гэсэн бодлого барьж энэ Засгийн газар ажиллаарай. Өмнөх Засгийн газруудын алдаа нь гаргаж байгаа бүтээгдэхүүн дээрээ хилийн хориг тавих, экспортыг зогсоох, дотоодын хэрэглээний үнэ буулгадаг зэргээс болж тодорхой салбарууд хөгжихгүй байна. Өвөрмонголын малчид идэшний нэг адууг 4 сая төгрөг, 8 сартай хургыг 300-400 мянган төгрөгөөр борлуулж байна. Манай малчид ч бас ийм хэмжээнд борлуулдаг болохын төлөө анхаарч ажиллаарай."