МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Онцгой байдал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныханы урамшуулалын асуудлыг шийдэх цаг болсон
2021.02.25
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Онцгой байдал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныханы урамшуулалын асуудлыг шийдэх цаг болсон

Онцгой байдал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныханд урамшуулал олгох хуулийн төсөл боловсрууллаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан болон Онцгой байдлын албаныхантай уулзах үеэр дээрх асуудал  яригддаг гэдгийг онцолсон.

Тус албаныхан аймгийн төвөөс бусад суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа талаар ярьдаг байна.

Орон нутаг дахь Онцгой байдлын албаныхан ч ийм зохицуулалт хэрэгтэй байгааг хэлж ярьдаг учраас аймгийн төвөөс бусад сумдад ажиллаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Онцгой байдлын алба хаагчдад 5 жил тутамд мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан хуулийн төслүүдийг боловсруулан санал авахаар сар шинийн өмнө Засгийн газарт хүргүүлжээ.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа Онцгой байдал болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 5 жил тутам олгохоор тусгалаа.

Засгийн газраас хуулийн төсөлтэй холбоотой саналуудаа нэгтгэж ирүүлсний дараа УИХ-д өргөн барьж ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар аймгийн төвөөс бусад сумдад ажиллаж байгаа Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид тогтвор суурьшилтай ажиллахад томоохон дэмжлэг болно гэж үзэж буй юм.

ШИНЭ МЭДЭЭ