МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР: Бүтээн байгуулалт дахь эмэгтэйчүүдийн манлайлал -100 жил
2021.03.05
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР: Бүтээн байгуулалт дахь эмэгтэйчүүдийн манлайлал -100 жил

Ардын засаг тогтсон анхны өдрөөс эхлэн эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралын бүх салбарт татан оруулж, тэдний нийгэм, улс төрийн тэгш эрхийг хангах талаар үлэмж их ажлыг төр засгаас үе шаттайгаар  хийж иржээ. 

Юуны өмнө бичиг үсэгт сургаж улмаар улс орны ажил үйлсэд орсноор татан оролцуулахыг гол зорилгоо болгож, тэрхүү зорилгоо эмэгтэйчүүдийг соёлжуулах, мэдлэг боловсролтой болгож, мэргэжил эзэмшүүлэхтэй хосолж явуулж ирсэн байна.

Үүний үр дүнд Монголын эмэгтэйчүүд бүтээн байгуулалтын идэвхтэй хүчин болж өсч өндийжээ. Төрөл бүрийн мэргэжлийн сэхээтэн эмэгтэйчүүд бий болж, соёл, эрүүлийг хамгаалах, боловсролын салбарт төдийгүй улс ардын аж ахуйн зарим салбарт зонхилох суурийг эзлэх болжээ.

Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны дарга С.Удвал агсан нэгэн илтгэлдээ "Монголын эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн улс орныхоо нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцож, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх үйлст үнэт хувь нэмрээ оруулж ирсэн, цаашдаа ч оруулах болно" гэж дурдсан байдаг.

Бүхэл бүтэн зуун жилийн түүхийг өнөөдрийн түвшинд эргэж харахад өнгөрсөн хугацаанд бидний ахмад үеийн хийж бүтээсэн, байгуулж үлдээсэн, Монголын эмэгтэйчүүдийн сэтгэл санаа, хүчин чармайлт, мэдлэг боловсрол шингээгүй салбар гэж байхгүй байна. Ардын багш нар, эрүүл мэндийн салбарын тэргүүлэгчид, Монголын урлаг соёлын зүтгэлтнүүд, дипломат албаныхан, эрдэмтэд, хөдөлмөрийн баатар эмэгтэйчүүд гээд бахархах түүхтэй эмэгтэйчүүд маш олон бий.

Удирдлага, бүтээн байгуулалтын салбарт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал, социализмын үед Сангийн яамны орлогч сайд, тэргүүн дэд сайдаар олон жил ажиллаж, манлайлж ирсэн Балдангийн Долгормаа, Эрүүл мэндийн манаанд хүчин зүтгэж, эмчээс сайд хүртэл амжилттай ажиллаж ирсэн Дамдины Түмэндэлгэр, Доржийн Мөнхөө гуай, 2000 гаруй хүнтэй үйлдвэр толгойлж, бүхэл бүтэн сүлжмэлийн салбарын манлайллыг харуулж ирсэн Аюушийн Зумаа гээд маш олон эмэгтэй удирдагчдыг ярьж болно.

Энэ удаа би Сэлэнгэ аймгийн эгэл жирийн эмэгтэйчүүдийн бүтээн байгуулалтын түүхээс Товчхон өгүүлье гэж бодлоо.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны 11-р сарын 24-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор "18-45 хүртэлх насны эмэгтэйчүүдийг тариа хураах, өвс хадах ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд татан ажиллуулж, цалин хөлс олгох тухай заасан нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, орлого нэмэгдүүлэхэд чухал түлхэц өгсөн байна.

Ардын засгаас газар тариаланг дэмжихийн тулд харьяат яамнаас багаж техник бэлтгэж хангаж ирсэн бөгөөд тухайлбал Монголд анх удаа 1924 онд Герман улсаас 2 трактор оруулж ирсний нэгийг нь Зүүнхараад олгож байжээ. 1931 онд ЗХУ-аас фордзон маркийн 7 тракторыг чиргүүлийн хамт өгснөөс Зүүнхараа, Энхталын аж ахуйд хуваарилж өгч байсан мэдээ байна. 1937 онд Зүүнхараа, Цэцэрлэг, Алтанбулагт тракторын 500 гаруй хүнтэй курс, мэргэжлийн ажилчид бэлтгэж байсны дотор анхны эмэгтэй ажилчид бэлтгэгдэж төгсч байжээ.

ХАА-н газар тариалангийн аж үйлдвэрлэл хөлөө ​олохын хэрээр техник тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, ажиллагсдын мэргэжил ур чадвар нэмэгдэж, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрчимжиж, эмэгтэйчүүд олноороо энэ салбарт хүчин зүтгэх болжээ

Тухайлбал, 1950-иад оноос тариалангийн талбайг бордох агрохимийн судалгаа эхлэлээ тавьж, хээрийн туршилт судалгаанд С.Ичинхорлоо тэргүүтэй эрдэмтэд оройлон ажиллаж, улмаар эрдмийн зэрэг хамгаалсан байна. Ийнхүү газар тариалан, жимс жимсгэнэ. гурилын үйлдвэрлэл, ургамал хамгаалал, хорио цээрийн албанд Монголын эмэгтэйчүүд нэр төртэй ажиллаж иржээ.

Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн 7 дугаар бага хурлын материалаас үзэхэд “аймгийн хүнсний үйлдвэрийн ажиллагсдын 70% нь, гурилын үйлдвэрийн 98% нь, тээрмийн цехийн 42% нь эмэгтэйчүүд ажиллаж байна” гэжээ.

Үүнээс харахад эмэгтэйчүүд атар газар эзэмших хөдөлгөөн, түүний үр шимээр бүтсэн аж үйлдвэрлэлд асар их ажлыг нугалж ирсэн нь нотлогдож байна. Үүнийхээ хажуугаар үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурлага хүмүүжилд нь анхаарах, гэр орноо өөд татах, ариун цэвэр эрүүл ахуйг сахих бүх ажил тэдний нуруун дээр явж ирсэн,

Үүнээс гадна эрдэмтэн түүхч агсан Э.Чимэдцэрэнгийн бичсэнээр Сэлэнгэ нутгийн Эмэгтэйчүүд Ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож, амь насаа хайрлалгүй зүтгэж байсан жишээ цөөнгүй байдаг. Тухайлбал 1897 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрайн хошуу буюу Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн Лувсандоржийн Тамба байна. Тэрээр журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлсний дараа цэргийн хувцас хэрэглэл, улаан туг, жанжин малгай оёж нийлүүлж байжээ. Мөн Гончигжавын Цэнд-Аюуш, Гарамын Лувсан нар манлайлж ажиллаж байжээ.

Мөн 1921 оны хувьсгалт тулалдааны үед эмэгтэй Дэмпин баатарлагаар байлдаж байгаад тулалдааны үеэр амь үрэгдсэн байдаг.

Ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн 100 жилийн манлайллыг бий болгосон тэр үнэт зүйлийг өнөөдөр бид ямар байдалтай авч явна вэ, үндэсний ухамсарт өнөө цагийн бидний манлайлал агуулга ач холбогдлоороо, үнэт зүйлээрээ, хийж бүтээсэн бүтээлээрээ, байгуулсан гавьяагаараа, нийгмийн ухамсар, соёлд гаргасан сайн үлгэр жишээгээрээ ямар байгааг ойн өдрүүдэд онцгойлон ярилцаасай гэж хүсч байна. Дараагийн 100 жилд бизнесийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт хатуу, хөтүүг үл ажран, эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, бүтээж байгуулж байгаа өнөө цагийн шилдэг менежер, эмэгтэйчүүд улам бүр олшироосой гэж хүсэх байна. Бас хамгийн хурдтай өсч буй, олон улсад цалингийн өсөлт хамгийн сайн байдаг шинжлэх ухаан, био технологи, инженер. математикийн салбар, түүний дотор компьютерийн шинжлэх ухаан, үүлэн тооцоолол, егердел, хиймэл оюун ухаан зэрэг салбарт монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл олшироосой гэж хүч байна.

Нөгөө талаар манлайллын тухай ойлголт ухагдахуун ч өөрчлөгдөж байна.

Үүнийгээ дагаад хэв загвар ч өөрчлөгдөж байна. Манлайлагч төвтэй уламжлалт загвараас нийтийн сайн сайхны төлөө хамтын манлайлал руу чиглэх боллоо. Ийм манлайлал өнөөгийн цар тахлын онцгой нөхцөл байдалд илүү чухал болж байна.

Зөвхөн цар тахлын үеийн манлайллын ур чадварт бүх хүнийг бүрэн хамруулж байх чадварыг шаардаж байна. Хэнийг ч орхихгүй байх явдал. Үүний төлөв зүтгэх, үүнд дижитал соёл, дижитал үйлдвэрлэлийг онцгой анхаарч хамгийн түрүүн Ковидын эсрэг арга хэмжээнд оргон ашиглах шаардлага амьдралаас урган гарсан юм. Эрдэмтэн бол төслийн менежмэнтийн чадвартай болох, технологийн компанид төслийн менежер бол кодчлолын талаарх мэдлэгтэй байх зэрэг олон төрлийн чадварыг өнөө үед шаардаж байгаатай адил ковидын үеийн удирдлага менежмэнтийн чухал чадвар дижитал салбартай хэр хамтарч ажиллах вэ гэдгээс ур чадвар нь харагдах юм. Бүх нийтийн шинжилгээ, вакцинжуулалт түүнийг бүхлээр нь харж анализ хийж, үйлдлээ зүгшрүүлж, үндэстнээ аврах Тэр чадварт дижитал гүйцэтгэл чухал байна.

ХБНГУ, Шинэ Зеланд, Дани, Исланд, Финланд, Норвегийн эмэгтэй удирдагч нар цар тахлын менежмэнтийг амжилттай хийж, үр дүнтэй ажиллаж байгааг дэлхий даяараа харж байна.

Хоёрдугаарт: Хангалттай тооцоолол, баримт, Мэдээлэлгүйгээр чухал шийдвэрүүдийг яаралтай гаргаж байх чадварыг шаардаж байна. Товчхондоо, маш тодорхойгүй нөхцөлд үхэх, сэхэхтэй холбоотой шийдвэрийг улс орны удирдагчид гаргаж байгаа юм.

Манлайллын чадварын хамгийн чухал зүйлийн нэг нь бусадтай ойлголцож, бусдаас дэмжлэг туслалцаа хүсч түүнийг хэрэгтэй үед хэрэгжүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, зорилгодоо хүрэхэд дэмжлэг болох ментортой байх нь замыг илүү тодорхой бөгөөд хялбар болоход туслах юм. Тиймээс бусадтай ярилцаж, бусдын зөвлөмжийг сонсож шинэ мэдээлэлд нээлттэй байх нь чухал байна.

Гуравдугаарт: Зарчимтай хандлага чухал байна. Хор хөнөөлийг хамгийн бага хэмжээнд байлгах, логикт суурилах, хямралын нөхцөл байдалд, тодорхойгүй байдал нөмөрсөн үед юу ч хийхгүй байснаас хийсэн дээр байдлаар ажиллаж болохгүй. Иймээс эмэгтэйчүүд жендерийн Тэгш эрх, квот ярьж, эсвэл гүйцэтгэл сайн хийдэг гэсэн нийгмийн хэвшмэл ойлголтод баригдалгүйгээр шийдвэр гаргах түвшний бүхий л шатанд оролцоогоо хангахаар тодорхой санал шийдэл ярьж, бүтээн байгуулалтын салбарт хүч үзэж хэрэгжүүлдэг байх нь өнөө цагийн эмэгтэйчүүдийн манлайллын чухал шалгуур болж байна.

Өнгөрсөн 7 хоногт Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн Нигерийн Сангийн сайд асан Ngozi okonjo Iweala гэх 66 настай эмэгтэй батлагдлаа. Тэрээр хөгжиж байгаа орнуудын хөгжил дэх санхүүгийн эрх чөлөөг хамгаалах талаар их зүйлийг хийнэ гэдгээ амлаж байна. Ковакс хөтөлбөрийн удирдагч нарын нэг юм.

Эцэст нь хэлэхэд, манлайлагч байна гэдэг манлайлагчийн төрх бүрдүүлнэ гэсэн үг биш юм. Гадаад байдалд бус агуулгад төвлөрч, зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө хичээж ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.

Асар хурдацтай технологийн хөгжлийн эринд эмэгтэйчүүдийн манлайллын хамгийн чухал шинж чанар ёс зүйтэй, хариуцлагатай, эрсдэл үүрэх чадвартай байхаас гадна ур чадвар шаардсан, багтаамж ихтэй ажлын арга барилын соёлыг бий болгох руу чиглэгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ