С.Ганбаатар: Засгийн газар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой
2021.04.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: Засгийн газар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой

УИХ-ын гишүүдийн анхааралд:

 “Рио Тинто болон Монгол Улсын Засгийн Газрын хооронд хийх хэлэлцээрээ амжилттай үргэлжлүүлэх, Лондоны Арбитрын шүүхэд манай Засгийн Газар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой” гэсэн хатуу байр суурьтай байна. УИХ-ын гишүүн бид Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж Төрийн сүлдэд тангараг өргөсөн.
Миний бие Оюутолгойн асуудлыг анхнаас нь судлан үзэж тус төсөл Монголчуудад ашигтай байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх ёстой гэдэг хатуу байр сууриа илэрхийлж үе үеийн Засгийн Газар УИХ-д санал, шаардлага хүргүүлж ирсэн. Монгол Улс 400 тэрбум ам.долларын баялагтаа эзэн байх боломж хулгайлагдаж, 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүйгээр барахгүй 22 тэрбум ам.долларын өрөнд орж байгаа нь Оюутолгой төсөл анхнаасаа хуудуутай болсон гэдгийн тод илэрхийлэл болж байна. Оюутолгой төсөл Монголчуудад үр өгөөжөө өгч, харилцан ашигтай байх алтан боломж 11 жилийн дараа олдож бид өөрсдийн эрх ашгаа хамгаалж, хэлэлцээр хийхээр болсон. 

Миний бие 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан УИХ-ын болон Засгийн Газрын Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ажлын хэсэгт тодорхой санал, дүгнэлт, тооцоо судалгааг гарган өгч ажиллаж байна. 

Монголчуудаа ажил орлоготой болгох ёстой уул уурхайн баялгийг нь Ерөнхий сайд нь гаднынхантай нийлж худалдан зарж идсэн тухай олон улсын шүүхүүд болох Лондон, Хонгконг, Сингапур, Нью Йорк зэрэг шүүхүүдэд нотлогдож байгаа нь Оюутолгойн гэрээг шинэ нөхцөлөөр Монголчууддаа ашигтай болгох алтан боломж гарч ирсэн. 2021 оны 1 дүгээр сарын 26 болон 28-ны өдрүүдэд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүдэд болон УИХ-ын бүх гишүүдэд Лондон, Хонгконг, Сингапур, Нью Йорк зэрэг 5 шүүх дээр Монгол Улс 400 тэрбум ам.долларынхаа баялгийг Монголчууддаа харилцан ашигтай болгон авах алтан боломж бүрдсэн.
Тиймээс нэхэмжлэл гарган Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахыг шаардсан албан бичиг, мөн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр УИХ-ын бүх гишүүдэд хандан УИХ-ын гишүүн Сү.Батболдын Англи Улсын дээд шүүхийн шүүгч, Хатан хааны зөвлөх Марк Пеллинг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэр, дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн төслөөс хувьдаа нууцаар ашиг хүртсэн, хөрөнгө нуун дарагдуулсантай холбоотой 14 мянган хуудас материал болон түүнийг УИХ-ын халдашгүй байдлын болон тусгэй хяналтын дэд хорооны гишүүнээс түдгэлзүүлэх тухай шаардлага тус тус хүргүүлсэн ба УИХ-ын гишүүдийн viber группд мөн илгээсэн. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр УИХ-ын гишүүн Сү.Батболдыг УИХ-ын Халдашгүй байдлын болон Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс түдгэлзүүлэх тухай шаардлагыг дахин УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Дэд хороо харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг эрхэлнэ" гээд, 28.2.5-д "Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг” эрхлэн хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.
Түүний ашиг сонирхлын зөрчилтэй, зохисгүй байдлын тод илрэл болсон нэгэн жишээ нь, дотоод, гадаадын шүүхэд хариуцагчаар дуудагдсан Сү.Батболд тухайн маргааны нэхэмжлэгч тал" болох Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс ОюуТолгой” төрийн өмчит хуулийн этгээдийн асуудлаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын “... удирдлагуудтай нь харилцаж...” (Нью-Йорк мужийн шүүхийн цахим сан дахь 173 дугаар баримтад буй) тухайн шүүхэд хянагдаж буй, маргаанд өөрт ашигтай байдлыг бий болгохоор хариу албан бичгийг гаргуулан авсан, энэ нь гадаадын хуульчдын гайхшралыг төрүулж байгаа нь тухайлбал Сингапурт хийгдсэн шүүх хуралдааны үеэр танилцуулагдсан байна. Эдгээрээс үзвэл Сү.Батболд Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороонд ажиллаж байгаа үед түүнтэй холбогдуулан прокурор, мөрдөх байгууллагын явуулах тодорхой төрлийн үйл ажиллагаанд тэрээр өөроө хяналт тавьж оролцох, шууд буюу шууд бусаар нөлөөлөх, төрөл бүрийн арга хэлбэрээр саад учруулах зэргээр олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болжээ. 

УИХ-ын гишүүд бид авлига, ашиг сонирхлоос ангид байж, ард иргэдийн эрх, ашгийг хамгаалахад шаардлагатай асуудлыг уншиж судлаад, ил тавих үүрэгтэй. Харин ард, иргэд мэдээллийн бодит байдал, мэдээллийг үнэн зөвөөр мэдэх эрхтэй юм. УИХ-ын гишүүд бидэнд Монгол гэсэн ганцхан эрх ашиг байх ёстой.

Гаднын гар хөл болж, тэдэнд луйвардуулсан төр засаг хэзээ ч байж болохгүй. Оюутолгой төслийг зогсоо, зайлуул гэж өнгөрсөн 16 жил би хэзээ ч ярьж байгаагүй. Монголдоо ашигтай байлгах тухай л ярьж тэмцэж ирлээ.
Тэд мөнгөөр бид баялгаараа хөрөнгө оруулж байгаа учир энэ нэг талын эрх ашиг тэнцвэргүй тусгагдсан луйврын гэрээг өөрчлөх алтан боломжийг бид алдах эрх байхгүй юм. Иймд УИХ-ын Та бүхэнд удаа дараа илгээж байсан албан бичиг, шаардлагуудыг энэхүү сонины нийтлэлд болоод өөрийн Facebook хуудаснаа нийтэлж, еөрийн байр суурь болох “Оюутолгойн төслийг Монголын талд харилцан ашигтай болгож, Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар хооронд хийх хэлэлцээрээ амжилттай үргэлжлүүлэх, давхар Лондоны Арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой” гэсэн хатуу байр суурьтай буйгаа үүгээр илэрхийлж, дахин сануулж байна. 

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР

ШИНЭ МЭДЭЭ