Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэв
2021.04.22
Улстөр

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. 

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ:

Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хэлэлцээр, гэрээ зэрэг олон улсын гэрээнд хэлэлцээрт нийцүүлэх, давамгайлах огнооны эрхийн зохицуулалт, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах хугацаанаас хамааруулан хүчингүй болгох, мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах нөхцөлийг тодорхойлох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс төслийг боловсруулжээ.

Хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томъёог Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлсноо төсөлд тусгасан байна. Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлзх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн” бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгажээ. Барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн байна.

Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлжээ. Мөн газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалт болон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр төсөлд тусгажээ. 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн доор дурдсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.

Үүнд:

  1. Хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томьёог Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлсон.
  2. Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн” бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгасан.
  3. Барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн.
  4. Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгасан.
  5. Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн.
  6. Газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн.
  7. Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгасан.
  8. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр зохицуулсан.

ШИНЭ МЭДЭЭ