2021.04.27
Эдийн засаг, Худалдаа

Ц.Мөнх-Оргил: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүтээлийг цахим хэлбэрээр хувилж өгөхийг хуулиар үүрэгжүүлэх нь зүйтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.04.27/ хуралдлаа. Хуралдаанаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Зохиогчийн эрхийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа харааны болон сонсголын бэрхшээлтэй хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах 41 дүгээр зүйл орж ирж байна. Энэ бол том дэвшилт гарч байна. Гэхдээ 41.1-д заасан зөвшөөрнө гэсэн заалтыг чангатгаж, энэ бүтээлийг эрхийг заавал гаргаж өгч байна гэж үүрэг болгох шаардлага байна гэж хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэдийн холбооноос санал ирсэн. Энэ саналыг ажлын хэсэг дээр хэлэлцэн бусад хэсэгт санааг оруулсан гэж үзээд хүлээж аваагүй юм байна. Би энэ асуудлаар дахин санал хурааж өгнө үү гэж хүсэж байна.

41.6-д нэмж дээрх санааг оруулах саналтай байна. Одоо байгаа заалт дээр нэмж, "энэ хуулийн 41.1-д заасан зорилгоор бүтээлийн цахим хувийг олж авахаар эрх бүхий байгууллага хандсан бол тухайн цахим хувийг хадгалж буй байгууллага, хувь хүн гаргаж өгөх үүрэгтэй" гэж оруулж, үүрэгжүүлж өгөх хэрэгтэй. 

Бид эрдгээр бэрхшээлтэй хүмүүсийн зовлонг мэдэхгүй. Тэдэнд тулгарч байгаа энэ асуудлыг амаараа болно гээд орхиж болохгүй. Яг бүтээлийг нь цахимаар авах гэхээр гаргаж өгдөггүй. Тиймээс хуульдаа үүрэгжүүлэн заах нь зүйтэй. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-аас хэлж байгаа санаа бол энэ хуулиар зохиогчийн эрхийн асуудал байхгүй болж байна. Тэр бүтээлийг цахим хэлбэрээр хадгалж байгаа байгууллага, хувь хүн гаргаж өгөхгүй бол энэ нь зохицуулалтгүй үлдэх гээд байгаа тул хуулийн заалтаар үүрэгжүүлж өгнө үү. Миний энэ саналаар Дэгийн хуулийн дагуу санал хураалт явуулж өгнө үү?"

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ