2021.05.12
Эрүүл мэнд
Дотуур байранд тусгаарлагдсан 160 гаруй хүүхдийн хоол хүнсний зардалд 3,0 сая төгрөг хандивлалаа
Өвөрхангай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан 11 тохиолдол бүртгэгдсэний 8 нь Баян-Өндөр суманд гарчээ.
Хамгийн эрсдэлтэй нь тус сумын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 29 болсон цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
Цар тахал суманд тэр дундаа сургуулийн хүүхдүүдийн дунд дэгдсэн нь байдлыг ихээр хүндрүүлж мэдэхээр байгаа юм. Тиймээс Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар дотуур байранд тусгаарлагдсан 160 гаруй хүүхдийн хоол хүнсний зардалд 3,0 сая төгрөг хандивлаж байна.
Мөн суманд 300 ширхэг түргэвчилсэн оношлуур, 2,5 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хувцас хэрэгсэл, ариутгалын автомакс зэргийг Баян-Өндөр сум руу өнөөдөр явууллаа.
Аймгийн БОЭТ-өөс эмч мэргэжилтнүүд сумын Эрүүл мэндийн төвийнхөнтэй хүч хавсран цар тахлын хүрээг хумих, өвчилсөн хүүхдүүдийг эмчилж эдгээхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа тул Баян-Өндөрчүүд хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж нийтээрээ нэгэн сэтгэлээр зүтгэж халдваргүй эрүүл бүс болохын төлөө хичээхийг УИХ-ын гишүүд захилаа.