https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Ганибал: Ковидоор халхавчилсан коммунизмыг сөрж ажиллаж байна
2021.05.17
Улстөр

Н.Ганибал: Ковидоор халхавчилсан коммунизмыг сөрж ажиллаж байна

Эх сурвалж: Өдрийн сонин   Сэтгүүлч: Р.Хишигжаргал 

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Олон хоног өлсгөлөн зарлалааОдоо биеийн байдал тань ямархуу байна?

-Шинжилгээний хариугаар бодисын болон эрдсийн дутагдалд орсон байна гэсэн. Мөн өлсгөлөн зарласан бүх гишүүд тодорхой хэмжээгээр жингээ алдсан байна лээ. Миний хувьд дөрвөн кг жин алдсан. Бусад шинжилгээний үзүүлэлтүүд харьцангуй гайгүй байна. Сахарын хэмжээ буурсан, тиймээс биднийг тодорхой хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Гэхдээ энэ бол жижиг асуудал, бидний тэмцлийн үр дүн л чухал.

-Тэмцлээс ямар үр дүнг чухалчлан хүлээж байгаа вэӨлсгөлөнг буулгах үед та “Бид өлсгөлөнгөө зогсоосон ч тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэж байсан...

-Монгол бол парламентын засаглалтай улс. УИХ-ын гишүүд хууль тогтоох, хэрэгжилтэд нь хяналт тавих, дүгнэлт гаргах эрхтэй байдаг. Гэтэл бид өлсгөлөн зарлаж, улс төрийн хурц тэмцэл хийж байж энэ эрхээ олж авч байгаа юм. Талбайгаас эхэлсэн бидний тэмцэл Төрийн ордонд орж цааш үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь ашиглаж чадахгүй байсан эрхээ Ажлын хэсгээр дамжуулж, УИХ-ын даргын захирамжаар баталгаажуулж байж эдлэх боломжтой болохоор байна. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хурал дээр хоёр намын бүлэг тодорхой саналуудаа тавьсан. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн бүрэн эрх ч хангагдахгүй болсон. Тухайлбал, чуулганы танхимд байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрх илт хумигдаж эхэлсэн. Цар тахлын нөхцөл байдал гээд УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд үг хэлэх хугацаа нь өмнөхөөсөө хоёр дахин буурч, хоёр минут болсон. Онлайнаар хуралдахаар тодорхой асуудалд шийдлээ гаргаж, өөрсдийнхөө санаа оноог бүрэн ойлгуулж чадахгүй гэх мэтээр олон асуудал үүссэн. Тиймээс ард түмнийг төлөөлж дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо бүрэн илэрхийлэх боломжгүй байгаагаа нийгэмд ойлгуулъя гэсэн юм.

Ер нь МАН-ын бүлгийн 62 гишүүн, тэр дундаа удирдлагууд нь УИХ-ын дээр сандайлчихсан байгаа. Үүнийг бид эсэргүүцсэн. УИХ бол төр барих хамгийн дээд байгууллага. Гэтэл УИХ-д олонх болсон МАН-ын бүлэг намынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, парламентын засаглалын үнэ цэнэ, мөн чанарыг алдагдуулж байна. Хэдий цөөхүүлээ ч гэлээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үүнийг сөрж зогсох ёстой.

Өнөөдрийн бидний тэмцлийн мөн чанар нь нэг намын дарангуйлал.Ковидоор халхавчилсан коммунизм Монголд буцаж ирэх эрсдэлийн эсрэг сөрж ажиллаж байгаа юм. Энэ бол эхний тэмцэл.

-Ажлын хэсэг гарсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй бол яах вэЖишээлбэлУБЕГ-ын гаргасан шийдвэрийг няцаахгүй бол..?

-Ажлын хэсэгт УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа. Хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг учраас энэ асуудалд санал дүгнэлт гаргана. Улсын Бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр нь хуульд нийцсэн үү, хуулийг буруу хэрэглэсэн үү, үгүй юү гэдгээр санал дүгнэлт гаргаж, Засгийн газар руу хүргүүлнэ. Ингээд Засгийн газар УИХ-ын гаргасан санал дүгнэлтийг үндэслэж, өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг эргэж харна.

Хэрвээ УИХ-ын гишүүд өмнө нь гаргасан буруу шийдвэрийг дахиж гаргавал Монголын парламентын нэр хүндийн асуудал яригдана. Эрх баригч намын дарга бүх асуудлыг парламент болон шүүх засаглал, Засгийн газраар дамжуулж 100 хувь өөрийнхөөрөө шийдэж байвал энэ бол дарангуйлал мөн. Тэгэхээр сая гарсан Ажлын хэсэг бол ардчиллын үнэ цэнэ болоод УИХ-д өнөөдөр парламентын засаглал байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлох ажлын хэсэг гэж ойлгож болно. УИХ нэг намын даалгаврын дагуу шийдвэрээ гаргадаг болчихсон бол бид дараагийн тэмцлээ үргэлжлүүлж хийхээс аргагүй болно.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Талбай дээр болж байгаа энэ асуудал бол шулуухан хэлэхэд Ц.Элбэгдорж намын дарга болж тамгаа авах ууХ.Баттулга гэж хүн намын дарга болж тамгаа авах уу гэсэн асуудал” хэмээж байсанҮүнийг та юу гэж дүгнэж байнаТа бүхэн эрх мэдлийн төлөө тэмцээд байгаа юм биш үү?

-УИХ-ын 13 гишүүн бид эрх мэдэл авах ямар ч шаардлага байхгүй. Энд МАН-ын зүгээс олон намын тогтолцоо, парламентад суудалтай АН-ын хүчийг сулруулах бодлого явуулж байгаа юм. Намын үйл ажиллагаанд зориуд санаатайгаар оролцож, шинэ тамга хийж өгч намыг хуваасан, хоёр АН бий болсон мэт харагдуулсан. Олон намын тогтолцоотой улсад Засгийн эрхийг барьж байгаа төрийн үйл ажиллагаанд цөөнх нь хяналт тавьдаг. Энэ тогтолцоо бол Монгол Улсын ардчиллын үнэт зүйлийн нэг. Үүнийг үгүй хийх гэж байгаа учраас эсэргүүцэж хатуу тэмцэл хийж байна.

Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр тамга булаацалдаж байна гэдэг нь утгагүй асуудал. МАН яагаад АН-ыг хүчгүй болгож, намын тамгыг нь хэн нэгэнд авч өгөх гээд байна вэ гэхээр Рио Тинто буюу гадны гар хөл болсон бүлэглэл Монголын улс төр, эдийн засагт байна. МАН, АН-ыг дамжсан мөнгө санхүүгийн бүлэглэл шууд утгаараа АН-ыг хүчгүй болгож, өөрсдийнхөө улс төр, эрх ашгийн золиос болгож байгаад бид харамсаж энэ тэмцлийг хийж байгаа юм. Хэрвээ магадгүй Ерөнхий сайд тэрийг олж харсан, мэдэж байгаа бол энэ асуудалд оролцож буй хүн байна гэж би хардаж байна.

-Сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгааЗарим улстөрчдийн зүгээс нэг хойшлуулчихвал дараа дараагийн удаа ч хойшлуулна гэх асуудал гарна гэж үзсэн байна лээҮүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдаж, үйлчлэл нь эхэлчихсэн байгаа.Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш түүнд гар хүрэх нь хуулиар хориотой. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэцээс дахин нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлэг долоон минутын дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэр хууль нь өнөөдөр хэрэгжиж байна. Сонгууль болохоос жилийн дотор сонгуулийн хуулийг өөрчилдөггүй. Харамсалтай нь, сарын өмнө МАН-ын бүлэг сонгуулийн хуулийг өөрчилчихсөн. УИХ-аар хэлэлцээд өдөр хоногоо товлодог. Тэгэхээр УИХ-аар сонгуулийг хойшлуулах чадамж нь МАН-ын бүлэгт байгаа л юм байна. Энэ бол тэдний асуудал. Ажлын хэсгийн өнөөдрийн (2021.05.12) хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулж СЕХ хэрхэн хуулийн дагуу хэрэглэж байгаа талаар Байнгын хорооны хуралд СЕХ-оос байлцуулж мэдээлэл авъя гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, санал дүгнэлт боловсруулна. Бидэнд сонгуулийг хойшлуулах чадамж байхгүй. Үүнийг УИХ хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргана.

-Та бүхнийг өлсгөлөн зарлаж байхад Э.Бат-ҮүлМ.Тулгат нар зөвшилцөхөөр очиж байсанӨмнө нь ч АЭХ-оос уриалга гаргасанЗөвшилцлийн ширээнд яагаад суухгүй байгаа юм бэ?

-О.Цогтгэрэл, М.Тулгат нар өмнө нь хоёр ч удаа уулзалт хийсэн гэж би сонссон. Би намын дотоод асуудалд байнга оролцдоггүй. Уг нь нэг намын журмын нөхөд хоорондоо уулзаж ойлголцоод, хамтдаа шийдвэрээ гаргаад явах ёстой.

Бидний хувьд нэг намын дарангуйллын эсрэг улс төрийн өлсгөлөн зарлаад сууж байхад тэндээс “хүмүүс цуглаж тохиролцоо хийхээр хүрч ирсэн” гэж ярих нь тохиромжгүй зүйл л дээ. Тухайн үед бид гурав, дөрөв хоног хоолоо сойчихсон, ядарчихсан тойрог дотроо байсан. МАН-тай нэгдэж, намын үйл ажиллагааг бусниулж, шинээр луйврын тамга хийлгэж, намыг хүчгүй болгосон хүмүүс нь туг далбаа намируулаад, бие хамгаалагч нартай жагсаад ирэхээр тэнд байсан намын гишүүд, иргэд гайхаж, цочирдоод маргалдсан юм уу л гэж ойлгосон.

Жирийн гишүүд байнга талбай дээр ирж, яваад болоод л байсан. Үнэхээр бидэнтэй хэлэлцэж, зөвшилцөх гэж байсан бол утсаар ярьж хэлээд, дэмжиж байгаа бол хамтаръя гээд уулзаж ярих нь нээлттэй байсан. Гэтэл нэг хэсэг нь өлсгөлөн зарлачихаад байхад хүрч ирээд сөрөг, жагсаал цуглаан хийж байгаа нь буруу үйлдэл л дээ. Үүний зөв бурууг намын гишүүд дэмжигчид, ард иргэд өөрсдөө шүүн тунгаах биз.

-Тэр үед өлсгөлөн дээр ирсэн хүмүүс төлбөрмөнгө авсан гэх зүйл олон нийтийн сүлжээгээр явж харагдсан. “Тэсо” корпорацийн ажилчид очсон ч гэх яриа байх юмЭнэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Бид ямар нэгэн байдлаар хэн нэгнийг өлсгөлөнд оролцуулсан зүйл байхгүй. УИХ-ын гишүүд нь өөрсдөө өлсгөлөн зарлалаа. Ингэхдээ тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон. Бид ямар нэгэн байдлаар “өлсгөлөнд оролцооч ээ”, “талбай дээр цуглаач ээ” гэж ганц ч хүнд хэлээгүй. Харин ч сошиал хуудсаараа дамжуулж тайван байхыг, бусдын хатгаасанд автаж үймээн дэгдээхгүй байхыг л дахин дахин сануулж хүсч байсан. Бид бусдад мөнгө төлөөд оролцуулдаг зарчимгүй, увиагүй хүмүүс биш. Өөрсдөө өлсгөлөн зарлаж, тэмцэл хийснийг Монголын ард түмэн бүгд харж байгаа.

Өлсгөлөн хийж байхад хүмүүс цулаж тойрч байсан. Зарим нь дэмжижбайгаагаа илэрхийлж, гарын үсэг зураад л явж байсан. Түүнээс өлсгөлөнг дагаж улс төрийн ямар нэгэн жагсаал цуглаан болоогүй. “Тесо” гэдэг хувцсыг зориудаар өмсгөсөн хүмүүсийг талбай руу оруулсан гэж О.Цогтгэрэл дарга хэлсэн. Зориудаар өмсгөж зургийг нь дараад сошиалд сэвэх гэсэн ийм л үйлдэл хийсэн байна лээ. Өлсгөлөнд ирсэн хэдэн хүнийг О.Цогтгэрэлийн компанийн ажилчид гээд нийгэмд сэвсэн. Тэр дотор ардчиллын алтан хараацай болсон партизанууд мөн дүүрэг, аймгийн намаас зорьж ирсэн гишүүд дэмжигчид ч байсан. УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүнийг хүчгүй, сүргүй болгох гэсэн зориудын үйл ажиллагаа.

Ер нь биднийг өлсгөлөн зарлаж байхад сошиалаар лайв хийдэг нэр бүхий тв, сайт, сонин очсон. Монголын улс төрийн өлсгөлөнгийн талаар МҮОНРТ өлсгөлөн буулаа гэж ганцхан удаа 30 секундийн мэдээ хийсэн байна лээ. Өөр ямар ч мэдээлэл иргэдэд өгөөгүй. Монгол Улс парламентын засаглалтай улс орны хувьд сөрөг хүчнийх нь буюу цөөнхийн бүлгийн 13 гишүүн шийдвэр гаргасны үндсэн дээр УИХ-ын найман гишүүн өлсгөлөн зарлаж байгаа талаар МҮОНРТ ямар ч мэдээлэл хийхгүй байгаа. Ардчиллын үнэт зүйл дотор хэвлэлийн эрх чөлөө, олон намын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө зэрэг цөөхөн хэдэн үзүүлэлт байдаг. Үүний нэг болох хэвлэлийн эрх чөлөөг байхгүй болгосон байна. МҮОНРТ-ийг ямар хүн удирддагийг би мэдэхгүй. Ямартаа ч нэг хүн удирддаг биз. Тэр хүнд хэлэхэд, өнөөдөр МҮОНРТ Монгол Улсад болж байгаа онцлох мэдээллүүдийг бүгдийг нь ард түмэнд мэдээлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүйгээр зөвхөн МАН гэдэг улс төрийн хүчинд зүтгэж, Монгол Улсад дарангуйлал тогтоох эхлэлийг хийж өгч байгаад үнэхээр харамсаж байна гэж хэлье.

ШИНЭ МЭДЭЭ