С.Чинзориг: Монгол улс нэгдэж орсон НҮБ-ийн конвенцийн эсрэг хуулийн төслийг өргөн барьсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Засгийн газар хоёр хоногийн зөрүүтэй, зарчмын зөрүүтэй хоёр санал оруулж ирж байна. Хоёр хоногийн өмнө бид боловсролын хууль хэлэлцэхэд бүх хүүхдүүдэд 12 жилийн боловсрол эзэмшүүлнэ гэж орж ирсэн. Гэтэл өнөөдрийн Мэргэжлийн боловсролын тухай хуулиар мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг байгуулах. Бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэх сургалттай хослуулах сургалтад суурь боловсролтой иргэнийг оролцуулна гэсэн байна.
Өөрөөр хэлбэл ахлах анги буюу 10-12-р ангийн хүүхдүүдийг МСҮТ-ээс оролцуулна гэсэн хоёр эсрэг тэсрэг зарчмын зөрүүтэй хуулийг хоёр хоногийн дотор оруулж ирж байна. Тэгэхээр Л.Энх-Амгалан сайдын яриад байгаа кабинетын зарчмаар ажиллаж байна уу, үгүй юу? Асуудал байна. Хуулийг хэлэлцэхийг нь дэмжээд явъя.
Г.Дамдинням дарга залуу хүн асуудлыг ойлгох хэрэгтэй. Манай Байнгын хороогоор оруулсангүй гээд уурлаад байгаа юм. Энэ нь боловсролын хуультай хамтатгаж хэлэлцэхийн тулд Засгийн газар шахаж шаардаж байж өнөөдөр оруулж ирээд хэлэлцэх эсэхийг нь шийдэж байгаа юм. Хэлэлцэх эсэхийг нь шийдсний дараа ажлын хэсэгтэй хамтран ажиллах боломж нь бүрдэнэ. Тэгэхээр та энэ хууль манайхаар ороогүй учраас унага гэж ярьж болохгүй.
Монгол улс Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагатай холбоотой хоёр НҮБ-ийн суурь конвенцэд нэгдсэн байдаг.
- Боловсролын талаар алагчлалтай тэмцэх тухай гээд 1960 онд батлагдсан конвенцэд нэгдсэн байдаг. Энд конвенцид Мэргэжлийн боловсрол сургалтыг алагчилж болохгүй гэсэн ерөнхий заалттай.
- Техникийн болон мэргэжлийн боловсролын конвенци 1980 онд батлагдсан. Манай улс 1980 онд элсэн орсон байдаг. Энэ конвенциэр анхан шатны техникийн болон мэргэжлийн боловсролд хамрагдаж буй хүүхэд нь ажлын байранд эсвэл техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцахдаа ерөнхий боловсролын агуулга эзэмшинэ гэсэн.
Одоогийн байгаа тогтоолцоонд баталгаажуулсан НҮБ-ийн конвенцид манай улс элссэн юм. Тийм учраас ахлах ангийн хүүхэд Мэргэжлийн боловсролын сургалтад суралцаж болох юм. Манай нэгдэн орсон конвенцийнхээ эсрэг боловсролын хуулиа өргөн барьсан шүү. Эдгээр асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд хоёр байнгын хороо хамтарсан ажлын хэсэг гаргаж, зөрчлийг нь арилгаж явна биз ээ.