МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​Ж.Сүхбаатар: Засгийн газар 1.6 жил онцгой эрхтэй ажиллалаа, цаашдаа ингэж явж болохгүй
2021.09.10
Улстөр

​Ж.Сүхбаатар: Засгийн газар 1.6 жил онцгой эрхтэй ажиллалаа, цаашдаа ингэж явж болохгүй

УИХ "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай хууль буюу Ковидын нэг удаагийн хуулийг баталсан. Тус хуулийг зургаан сараар нэг удаа хэрэгжүүлнэ гэж анх баталж байсан ч Засгийн газраас дахин хоёр удаа сунгах хуулийн төсөл өргөн барьж УИХ-аар батлуулсан билээ. Тус хуулиар Засгийн газарт төсөв санхүүгийн онцгой бүрэн эрх олгосноос гадна төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилдог болсон. Тус хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-Ковидын хуулийг зургаан сараар нэг удаа хэрэгжүүлнэ гэсэн боловч хоёр удаа сунгаж жил зургаан сар энэ хуулийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ онцгой бүрэн эрхээ Засгийн газарт шилжүүлээд жил зургаан сар өнгөрлөө. Нэг удаагийн хуулийг ингэж удаан хэрэгжүүлэхийн сөрөг тал нь юу вэ?

-Ковидтой тэмцэх тусгай хуулийг анх гаргахдаа нэг удаа л сунгана гэж оруулж ирсэн. Гэтэл сая гурав дахь удаагаа хуулиа өөрчлөөд энэ он дуустал үйлчилнэ гэсэн саналыг Засгийн газраас оруулж ирж батлуулсан. Энэ хуулийн хэрэгжилтийг сунгахад би эсрэг байр суурьтай байсан. Учир нь, зөвхөн зургаан сараар нэг удаа хэрэгжүүлнэ гэдгээр л баталсан. Энэ бол тусгай зориулалттай хууль. Монгол Улс гамшиг, цар тахалтай тэмцэх хуульгүй биш, хуультай. Анх цар тахал гарч байх үед дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэх зохион байгуулалт, эрх зүйн бэлтгэлгүй байсан. Ийм үед шуурхай арга хэмжээ авах нь чухал байсан учраас энэ хуулийг баталсан. Засгийн газар онцгой журмаар асуудлаа шийдвэрлээд явах боломжийг олгох үүднээс парламент хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлсэн юм. Энэ арга тухайн үед дэлхийн улс орнуудад түгээмэл байгаагүй. Гамшгийн хуулиараа зохицуулаад явж болох байсан ч тухайн үед маргалдаад олон талаас нь ярих хугацаа байхгүй байсан учраас Засгийн газарт онцгой эрх олгосон хуулийг баталсан. Мөн Гамшгийн хуулиар зохицуулсан ч байдал хүндэрвэл шууд Онц байдлын тухай хууль руу шилжчих гээд байсан юм. Тэгэхээр Гамшгийн хууль, Онц байдлын тухай хуулийн дутуу зохицуулалт ч байсан учраас УИХ нэг удаагийн хуулийг Засгийн газарт баталж өгсөн. Засгийн газарт эрх олгоно гэдэг нь улс орнуудын парламентын жишгээр энэ түр хугацааны хууль байх ёстой.

-Гэтэл манай улс нэг удаагийн хууль гэж гаргаад жил зургаан сар хэрэгжүүлчихлээ?

-Жил зургаан сар Монгол Улсын Их хурал хууль тогтоох эрх мэдлээ хязгаарлаад Засгийн газарт шилжүүлсэн. Дээр нь, өөрсдөө эрх мэдлээ хэрэгжүүлэх бололцоо нь хязгаарлагдсан. Тухайлбал, энэ хуулийн дэглэмтэй холбоотойгоор гишүүдийг чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хоёрхон минут яриулдаг болсон. Гэтэл гишүүн ярих гээд байгаа биш, сонгогчдын дуу хоолой хязгаарлагдаад байна. Дуу хоолойгоо гаргадаг газрууд дээр нь ковидын дэглэмтэй гээд хоёрхон минут яриулж байна. Гишүүд хоёр минутад шулганаж ярьдаг болж байгаа. Парламент мэтгэлцээний талбар, ярьдаг газар байсан бол шулганадаг газар болж хувирсан. Олон асуудал дуржигнуулаад ярьчихаар нөгөө хариулж байгаа тал ч хугацаатай хариулдаг. Тэр нь бас амжихгүй. Ингээд парламентын ажлын бүтээмж багасах, эрх мэдлийнхээ үлэмж хэсгийг Засгийн газарт шилжүүлэх, олон хуулийн үйлчлэлийг зогсоосон гээд олон сөрөг талтай хуулийг жил гаруй хэрэгжүүллээ. Мөн төрийн албаны хууль тогтоомж мөрдөгдөхгүй байгаа. Томилгоог дур зоргоороо хийж, төсвийн хяналт сул байгаа. Хэдийгээр парламент хяналт тавих түр хороо байгуулсан ч хангалтгүй байгаа. Хэрвээ нэг удаагийн хуулиа өөрчилнө гэвэл Засгийн газар шинэ хууль оруулж ирэх ёстой байсан. Гэтэл жил зургаан сар хэрэгжүүлээд Засгийн газар онцгой бүрэн эрхтэйгээр, зарим тохиолдолд Үндсэн хуулиас гадуур ажиллах эрхтэй болсон. Жил зургаан сар гэдэг хэтэрхий урт хугацаа. Сүүлд сунгахад би аравдугаар сарын 1-н хүртэл гурван сараар сунга гэдэг санал хэлсэн.

Улс орнууд ковидын дэглэмээ сулруулчихсан. Хүнд, хүндэвтэр өвчтөнүүдээ эмчлэх тактикт шилжээд явж байна. Өнгөрсөн жилийн уур амьсгал, бодол сэтгэлгээ, арга барил, тактикийг энэ жил хэвээр үргэлжлүүлж болохгүй. Сүүлд энэ хуулийг сунгахад хилийн боомтын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилно гэж оруулсан. Дандаа л онцгой хүмүүс, онцгой эрх аваад байгаа. Цаад утга нь хуулиас давж журмаар ажилладаг болгож байна. Энэ нь өөрөө хүний эрх зөрчих, дур зоргоороо ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Дараа нь, өөрөө Засгийн газар эвгүй байдалд орно. Яваандаа өөрсдийгөө хянаж чадахаа байна. Өөрөө өөрсдийгөө хянана гэдэг хэцүү. Шат шатанд ажиллаж байгаа дарга нар онцгой нөхцөлд ажиллаж байна, онцгой юмтай тэмцэж байна гээд төсөв, томилгоог шууруулаад явчихна.

-УИХ санхүүгийн эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлээд удаж байна. Наад зах нь Тавантолгойн ашгийг юунд зарцуулахыг УИХ шийддэг байсан бол одоо Засгийн газар шийддэг болсон. Тэгэхээр буцаад нөгөө хяналтгүй юм яваад байх шиг?

-Засгийн газар шийдэх биш Тавантолгой нь өөрөө шийдчихээд байна. УИХ-ын байр суурь бол хүн гэдгээсээ илүү тогтолцооных нь хувьд өөрчилье гэж байгаа. Намрын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компанийн тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ дээр компанийн засаглалын асуудлыг ярих ёстой. Нөгөө талдаа Засгийн газар онцгой эрх эдэлж байгаа нэрийн дор олон зүйлийг шийдээд байна. Олон асуудлыг шийдэх эрхтэй. Гэхдээ энэ нь хуулийн дагуу байх ёстой. Ковидын хуулийг үндэслээд удаан хугацаагаар явж байгаа нь бусад хуулийн үйлчлэлээс гадуур ажиллах нөхцөлийг бий болгож байна. Тэгэхээр дур зоргоороо ажиллах эрсдэл нэмэгдчихэж байгаа юм. Энэ хууль түр хугацаанд хэрэгжих ёстой байхад удаан хугацаанд хэрэгжээд байгаа нь өөрөө аюул. Энд дасдаг. Засгийн газар ингэж ажиллаж дасна шүү дээ. Уг нь бол энэ хуулийг аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлээд түүнээс цааш Гамшгийн хуулиараа явах ёстой.

УОК-ын одоогийн зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр одоогийн нөхцөлд нийцэхгүй. Үүнийг Эрүүл мэндийн сайд өөрөө тусад нь хариуцаад хүнд, маш хүнд, хүндэвтэр хүмүүсээ эмчлэх бодлого тактик руугаа шилжээд явах хэрэгтэй. Сая нэг алдаа гаргасан. Орон нутгуудад найр наадам, тэмдэглэх эрхийг нь өгчихсөн. Ингээд өвчлөлийн тоог нэмэгдүүлчихлээ. Түүнээс зугаалснаар өвчлөл нэмэгдээгүй шүү. 

-Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарлаж төрийн албанд хүн томилдог байсан. Гэтэл энэ хууль хэрэгжсэнээр Төрийн албаны зөвлөл хийх ажилгүй болчихлоо?

-Таны хэлдэг үнэн. Үндсэндээ жил зургаан сарын хугацаанд Төрийн албаны зөвлөлд хийх ажил бараг байсангүй. Ихэнх чиг үүрэг нь ач холбогдолгүй болсон. Ингэж удаан явснаар Төрийн албаны зөвлөлийг татан буулгаад Засгийн газрын байгууллага болгох юм руу явж байна. Угаасаа ч  хэрэггүй юм байна гээд зарим нь дэмжээд байна. Ингээд дасч байгаа юм. Хэрэггүй харагдаад байгаа учраас Засгийн газар мэдээд явах нь зөв гэж ойлгоод байна. Энэ мэт үр дагавар нь ил харагдахгүй ч далд яваад байна. Бусад улс оронд парламент нь Засгийн газарт тодорхой эрхийг маш хязгаарлагдмал цаг хугацаанд, болзолт нөхцөлтэйгөөр эрхээ шилжүүлдэг. Гэтэл жил зургаан сар Ковидын хуулиар явж байна. Парламентын хяналтыг хүчтэй болгоно, төрийн албаны сонгон шалгаруулалтыг сайжруулна, чөлөөт худалдаа, чөлөөт эдийн засгаа дэмжинэ гэж бидний ярьж байгаагийн яг эсрэг юм болоод байна. Яарч байна гээд их хурдан энэ хуулийг баталсан. Би бол харамсаж байгаа. Хэрэгтэй юү, үгүй юү гээд дүгнээд явах чадавх байхгүй байна. Ер нь л хэрэгтэй учраас хуулиа үргэлжлүүлэхээс өөр аргагүй гэдэг юм явсан. Цаашдаа энэ хуулийг сунгах гэдэг асуудал байж болохгүй.

-Засгийн газар Гамшгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулахгүй энэ хуулийг дахиад сунгаж өгөөч гээд ороод ирвэл яах вэ?

-Хэрвээ дахиад сунгана гээд явбал хууль тогтоох эрх мэдэл бусад боломж Засгийн газарт албан ёсоор хуулийн хулгай гэдэг юм хулгайлагдана. Төрийн системд гажуудал үүснэ. Одоо ковидын хуулийн асуудал дээр иргэний нийгмийн байгууллага, бусад хүмүүс ч онцгой анхаарлаа хандуулах цаг болсон. Намрын чуулганы явцад УИХ, Засгийн газар ковидтой тэмцэж байгаа бодлогоо нэлээд ултай суурьтай харах цаг болсон. Ингээд үргэлжлүүлээд байвал дахиад сунгана гэж л оруулж ирнэ. Энэ хуулийг сунгаж болохгүй. Тусгай хууль гэж тусгай л хууль. Тусгай зориулалт нь болчихсон бол ердийн хууль руугаа шилжих ёстой. 

-Анхнаасаа гамшгийн хуульдаа өөрчлөлт оруулаад шийдэж болох байсан юм биш үү?

-Тийм ээ, Гамшгийн хуульдаа л өөрчлөлт оруулах ёстой. Бусад улсууд ч ингэж явсан. Ганц, хоёр л улс манайх шиг арга хэмжээ авсан. Энэ осолтой учраас ихэнх орнууд ийм арга хэмжээ аваагүй. Цаашдаа дахиж олон гамшиг тохиолдоно. Тэр болгонд ийм урт хугацаагаар Засгийн газарт бүх эрх мэдлийг өгөөд байж болохгүй. Аюул арилаагүй гэдэг нэрийн дор хуулиа хэрэгжүүлээд, Засгийн газар нь ажиллаад байх бололцоотой. Үүнийг Гамшгийн хуулийн хүрээнд шийдээд явах хэрэгтэй. 

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ