МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Сэргэлэн: Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн алба хаагчдаа тогтвортой ажиллуулах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.13/ боллоо. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн санаачлан боловсруулж, 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.

Хуралдаанаар хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

"Хуулийн төслийг дэмжиж байна. Асуух зүйл алга. Хэд хэдэн санал хэлмээр байна. Төрийн албаны хуулийн тулгуур үндсэн зарчим энэ хуульд орж ирсэн байна. Энэ бол Төрийн албан хаагч төрийн албыг ажиллах нөхцөл бололцоогоор төр өөрөө сайн хангах ёстой. Эргээд тухайн төрийн албанаас ажлын хариуцлага, үр дүн шаарддаг.

Онцгой байдлын байгууллагын өөрийнх нь статус бол тангараг өргөсөн төрийн алба. Үгүй гэж хэлэх эрхгүй, амь насаа эрсдэлд оруулаад "мэдлээ гүйцэтгэе" гэж хэлээд үүргээ гүйцэтгэдэг алба. Энэ албаны онцлогийг дурьдвал маш их зүйл бий. Хуулийн үзэл баримтлалд үүнийг ч маш сайн томъёолсон байна.

Би өөрийн амьдрал дээр харсан нэг жишээг хэлье. Отгонтэнгэр уулсын цасны нуранги болсон өвлийн хүйтэн үед тэр олон хүний амь нас эрсдэлд орсон. Хүний амь аврахын тулд 3000 метрийн өндөрт Онцгой байдлын албаныхан л ажиллаж байсан. Заамарын уурхайн нуранги болоход бас л хүний амь нас аврахаар тэр хүйтэн, лаг шавартай усны гүн рүү 8 метрийн гүнд Онцгой байдлын алба хаагчид л шумбасан мэдээ байдаг. Алба хаагчид шумбалтаасаа гарч ирэхэд биеийг нь спиртээр арчаад дахин шумбалтаа үргэлжлүүлдэг байсан. Зүрх өвдмөөр. Онцгой байдлын алба хаагчдаас өөр хүн орохгүй шүү дээ.

Төрийн алба өөрөө энэ эрсдэлтэй хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, чадварыг улам нэмэгдүүлэх энэ бодлогын үүднээс уг хуулийн төсөл орж ирсэн гэж би бодож байна. төрийн алба хаагчдын цалин хангамж муу. Орон нутагт нөхцөл бүр хүнд байдаг. Энэ хүмүүсээ тогтвортой ажиллуулах бодлого, эдийн засгийн хөшүүрэг орж ирсэн гэж би ойлгож байна. Цар тахлын өнөө үед ч Онцгой байдлын алба хаагчид л ажиллаж байна. 

Онцгой нөхцөл байдал үүссэн үед яах вэ гэсэн хууль эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгохгүй бол болохгүй. Та бүхэн үүнд анхаараарай. Засгийн газар ч яаралтай бодлогоо боловсруулж оруулж ирэх шаардлагатай байна."

Тэрээр үргэлжлүүлэн УОК болон Батлан хамгаалахын сайд нарт хандан хилийн боомтын асуудлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай тухай санал хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ