МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 20 хоног нэмэгдүүлэн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл өргөн барилаа
2021.10.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 20 хоног нэмэгдүүлэн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.15) өргөн барилаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгохтой холбогдсон асуудлаар 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд 3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр тэтгэмжтэй холбоотой тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэсэн боловч нийгмийн даатгалын сангийн тогтвортой, бие даасан байдлыг урт хугацаанд хангах, тэтгэмж болон ажилгүйдлийн даатгалын сангаас олгож буй тэтгэмжийн хэмжээ, хугацааг өөрчлөх, нөхцөл, шалгуурыг даатгуулагчид ээлтэй байдлаар уян хатан болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмжийн төрөл, хэмжээ, эрх үүсэх нөхцөл, хугацааг тодорхойлох, ажлын байрыг тогтвортой хадгалсан, нэмэгдүүлсэн ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.

Хуулийн төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор, харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна.

Мөн бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 132 өдрөөс (одоогийн хуулиар 66 хоног) хэтрэхгүй байхаар хоногийг нэмэгдүүлжээ.

Нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг адил хугацаагаар бодож байгааг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд 20 хоног нэмэгдүүлэн тэтгэмж олгохоор зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, даатгуулах сэдэл, хүсэл, сонирхол өсөж даатгуулагчийн нийгмийн баталгааг хангахад эерэг нөлөө үзүүлэх, хуулиудын уялдаа холбоо сайжирч, иргэд, даатгуулагч, ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллага хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, даатгуулагчийн амьдралын  баталгаа сайжирч, ажил олгогчийн санхүү, төлбөрийн чадавхид эергээр нөлөөлнө гэж хууль санаачлагч үзжээ.

ШИНЭ МЭДЭЭ