МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг шинэчилнэ
2021.10.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.15) өргөн барилаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл:

Энэ хуулийг анх 1994 онд баталснаас хойш шимтгэл төлөх, зардал гаргах, урьдчилан сэргийлэх хүрээнд нийт 4 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Гэвч үйлдвэрлэлийн ослыг бүртгэх, хяналт тавих, осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх замаар ажиллах боломж, чадварыг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлд эгүүлэн оруулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд үүссэнтэй холбогдуулан энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын 2 хувиас ихгүй байхаар тусгажээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр авагчид протез, ортопедийн жишиг үнийг баримтлан 5 жилд 1 удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон даатгалын сангаас хариуцаж байсныг 3 жил тутамд 100 хувь хариуцахаар зохицуулсан байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид 3 жилд 10 хувийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг 15 хувь болгож нэмжээ.

Мөн даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгох харилцааг төсөлд тусгасан байна.

Ийнхүү тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлж, цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүргээд байгаа аж.

УИХ-аас 2015 онд баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ахмад настан бүрд суурь тэтгэвэр олгох, эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд даатгуулж, нэмэгдэл тэтгэвэр авах талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх шаардлагад үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ