МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Эдийн засаг, төсвийн реформ хийх цаг нь болсон
2021.11.08
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Эдийн засаг, төсвийн реформ хийх цаг нь болсон

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Энэ оны төсвийг хэрхэн дүгнэж байна?

-2022 оны төсөв нэлээн өөдрөг төсөөллөөр хийгдсэн төсөв гэж дүгнэж байгаа. Ингэж дүгнэх хэд хэдэн шалтгаан байна л даа. Нэгдүгээрт, төсвийн зарлага 2.4 их наяд төгрөгөөр өмнөх оныхоос нэмэгдэж, түүхэндээ анх удаа Монгол Улсын төсөв 18 их наяд төгрөгт хүрлээ. Хоёрдугаарт, Засгийн газраас “Хөгжлийн төсөв өргөн барилаа” гэж мэдэгдсэн. Зам тээвэр, эрчим хүчний салбарт оруулах төсөв нэмэгдсэн учраас нэлээн өөдрөг төсөв гэж үзэж байгаа юм. Гуравдугаарт, экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа нүүрсний экспортыг 20 орчим тонноор нэмэгдүүлж 36 сая тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Өнгөрсөн сарын 1-ний байдлаар 16 сая тонн нүүрс экспортоор гаргасан гэсэн мэдээ байна. Одоогийн гүйцэтгэлээс харахад ирэх онд 20 сая тонноор нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэж төсөвт төлөвлөсөн байна. Үүнээс үзэхэд нэлээн өөдрөгөөр төсөөлсөн төсөв гэж дүгнэж болохоор байна.

Ер нь Засгийн газраас төсөв боловсруулахдаа баримталсан зарчмыг нь дэмжиж байгаа. Тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалтаар оффисын барилга барихгүй, зураг төсөвгүй объектод хөрөнгө оруулалт тусгахгүй гэсэн. Үүнээс гадна тусгай чиг үүргийн байгууллагаас бусад байгууллагууд төсвийн мөнгөөр албан хэрэгцээнд автомашин авахгүй, урсгал болон гадаад томилолт, үргүй зардлыг хэмнэх зорилт дэвшүүлж байгааг нь дэмжиж байна.

-Өөдрөгөөр төсөөлсөн төсвийн юун дээр анхаарах ёстой гэж та бодож байна?

-Наймдугаар сараас хойш нэмэгдсэн халдварын голомт, нас баралтын тоо олон улсад ч тэр, манай улсын хувьд ч тэр буурахгүй байна. Цар тахлын нөхцөл байдал амаргүй, цаашид ч энэ байдал үргэлжлэх дүр төрх анзаарагдаж байхад нүүрсний экспортыг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь хэрэгжих боломжтой эсэхэд эргэлзэж байна. Түүнчлэн Хятадын хил залгаа бүсүүдэд халдварын голомтын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Замын-Үүд-Эрээний хил хаалттай, хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна.

Энэ мэтээр ковидын нөхцөл байдал амаргүй байхад тээвэр логистикийн нөхцөл сайжрах уу, импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний татан авалт хэвийн горимд шилжих эсэх нь одоо ч эргэлзээтэй байна. Тиймээс 18 их наяд төгрөгийнхөө төсвийг нийлүүлэлт нь хангаж чадах уу гэх болгоомжлол байгаа юм. Үүнээс гадна иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн амьжиргааны түвшин доогуур үзүүлэлттэй байна.

Энэ улирлын статистик мэдээллийг харахад ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 20 хувиар нэмэгдсэн, өргөн хэрэглээний барааны индекс 9.6 хувьд хүрсэн.

Хил хаагдсантай холбоотойгоор үнийн индекс нэмэгдэх, хоёр оронтой тоо руу орох нөхцөл байдал үүсч байна. Ийм нөхцөл байдалд иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бага анхаарсан төсөв юм уу гэж бодож байна. Хоёрдугаарт, цар тахал үргэлжлэх төлөвтэй байгаа энэ үед иргэдийн ажлын байрыг дэмжих, орлогыг нь одоо байгаагаас дордуулахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээ зогсохоор байна. Тухайлбал, халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байсныг зогсоосон. Хүүхдийн мөнгөний 50 хувийг бэлнээр, 50 хувийг нь хуримтлал хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэсэн.

Түүнчлэн аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлж байгаа цахилгаан, дулааны хөнгөлөлтийг зогсоох нь. Цар тахал үргэлжлэх нь тодорхой байхад иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг нь дэмжсэн эдгээр бодлогуудыг зогсоож, өрхийн орлогыг дэмжих чиглэлд тодорхой арга хэмжээ авахгүй байх нь хэр зөв бодлого вэ гэдэгт би эргэлзэж байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцыг харахад дэмжмээр бодлого ч байна, мөн тээнэгэлзэж, эргэлзэж, болгоомжилж байгаа асуудал ч байна.

-Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” гэсэн зорилт дэвшүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэх цаг нь одоо мөн үү. Та ХНХ-ын сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ зорилтыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Зарчмын хувьд дэмжиж байгаа. Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх ёстой. Гэхдээ “Халамжаас хөдөлмөрт” гэж яриад байгаа атлаа үүнд чиглэсэн ямар бодлого төсвийн төсөлд харагдахгүй байна. Яахав, ХНХ-ын сайдын ярьж байгаагаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 104 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвт тусгасан. Энэ мөнгөөр ажилгүй, халамж хүртэж байгаа иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх бодлого хэрэгжүүлнэ” гэсэн. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд Улсын төсвөөс нэг ч төгрөг очихгүй, зөвхөн гадаадаас авч байгаа ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөс төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Хил гааль нээгдээгүй, цар тахал үргэлжлэхээр байгаа нөхцөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд гадаадаас ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөр орлого бүрдүүлээд үүгээрээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого явуулна гэдэг учир дутагдалтай. 2021 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд гадаадаас авах ажиллах хүчний төлбөрөөс 34 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн байгаа юм. Гэтэл одоогийн гүйцэтгэл нь 17 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 50 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гадаадаас ажиллах хүч авах төлбөрөөс ирэх жил 104 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэдэг нь бараг боломжгүй харагдаж байна шүү дээ.

Нөгөө талд улс орны эдийн засаг, төсөв санхүү,цар тахлын нөхцөл хүнд байгаа энэ үед халамжийн бодлогыг хэт үгүйсгэх нь орлого багатай хэсгээ ширвэх, амьжиргааг нь улам дордуулах талтай. Хэдийгээр "Халамжаас хөдөлмөрт” гэсэн зорилт дэвшүүлэх нь зөв ч үүнийг хэрэгжүүлэх цаг үе нь өнөөдөр мөн үү гэдгийг бодох л асуудал.

-Засгийн газраас төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлнэ гэдэг бодлого баримтлах нь одоогийн нөхцөлд хэр оновчтой вэ?

-Засгийн газрын өргөн барьсан төсөвт төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэж орсон. Үүнд 50 орчим мянган албан хаагч буюу хамгийн бага цалинтай үйлчлэгч жижүүр, жолоочийн ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн үг юм билээ. Эдийн засаг, цар тахлын амаргүй байгаа энэ үед ийм бодлого явуулах нь тийм ч оновчтой биш. Эдийн засаг тогтворжсон, төсөв санхүүгийн боломжтой үед төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ үү гэхээс биш өнөөгийн нөхцөлд хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлснээр төрийн үйлчилгээний бага албан тушаалын бага цалинтай иргэдийн ажлын байрыг хадгалж чадахгүй л болов уу. Нийгмийн хамгааллыг одоогийн байгаагаас дордуулахгүй байх нөхцөл боломж бүрдэх үү гэдгийг эргэж харах ёстой.

-Банкны хүү буурчихаад байхад зээлийн хүү буурахгүй байна. Банкны хууль бус үйлдлийг УИХ-ын гишүүд харсаар суугаад байх уу гэдэг шүүмжлэл нийгэмд байна л даа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, 2024 он гэхэд зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулж, бууруулах стратеги УИХ-аас баталсан. Энэ стратеги хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрчихсөн байна. Нэг үеэ бодоход зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурсан ч дорвитой буухгүй байна. Монголбанкны гаргаж байгаа үнэт цаас 2016 онд 1.6 их наяд төгрөг байсан. Гэтэл энэ оны хагас жилийн дүнгээс харахад Монголбанкны үнэт цаас 9.6 их наяд болоод зургаа дахин нэмэгдчихсэн байна. Энэ тоо юуг харуулж байна гэхээр арилжааны банкууд бизнесийн болоод хэрэглээний зээл гаргах сонирхол бага байна. Банкныхаа эрсдэлийг бодоод Монголбанкны үнэт цаас худалдаж авах сонирхол их өндөр байгаагаас бизнесийн болон хэрэглээний зээл хумигдаад байгаа юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна.

Энэ жил Засгийн газраас Монголбанктай хамтарч эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажлын байр, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа. Монголбанкнаас өгсөн мэдээллийг харахаар нийтдээ 2.5 их наяд төгрөгийн бага хүүтэй зээл олгосон байна лээ. Бага хүүтэй зээл олгож эхлэхэд 8.3 их наяд төгрөг байсан Монголбанкны үнэт цаас бага хүүтэй зээл олгочихоод байхад хэвээрээ байна.

Хоёрдугаарт, Монголбанкнаас бидэнд өгч байгаа мэдээллийг харахаар арилжааны банкууд дахь төгрөгийн харилцах хадгаламжийн хэмжээ хоёр их наяд хүрч, өнгөрсөн оныхоос 43.8 хувиар өссөн байна гэсэн статистик байна. Энэ юуг хэлж байна гэхээр дээр дурдсан хүү багатай зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй өндөр хүүтэй хадгаламж болгочихоод байгаа юм биш биз дээ. Тэгэхээр хүү багатай жижиг зээлийнхээ гүйцэтгэлд нь тавих хяналтаа сайжруул. Яагаад хадгаламж 43 хувиар өмнөх оноос өсчихөв гэдэг асуудлыг хөндөж байгаа.

10 их наядын хөтөлбөрийг үр дүнтэй олгоё гэвэл хоёр арга хэмжээг авах ёстой. Нэгдүгээрт, зээл олгох нөхцөлийг сулруулах хэрэгтэй. Ядаж муу зээлийн түүхгүй байх гэдэг шалгуурыг өөрчилмөөр байгаа юм. Хоёрдугаарт, хүү багатай зээл олгохдоо банк нэг хувийг нь суутгадагаа болих хэрэгтэй гэсэн саналаа хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. Сангийн яамныхан “Хэдийгээр хүүгийн зөрүүг Засгийн газраас өгч байгаа ч гэсэн зээлээ эргэн төлүүлэх нь банкны үүрэг. Банк өөрөө эрсдэлээ дааж байгаа. Тиймээс ердийн зээл олгохдоо тавьж байгаа шалгуурыг тавихгүй бол болохгүй байгаа юм” гэдэг хариулт өгсөн. Гэхдээ Засгийн газраас онцгой нөхцөл зориуд хэрэгжүүлж байгаа онцгой арга хэмжээ шүү дээ. Тиймээс зээл олгож байгаа нөхцөлөө өөрчлөх хэрэгтэй. Мөн эргэлтийн зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгох замаар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Улсын төсвийг олон жил дараалан алдагдалтай батлах нь ямар эрсдэл дагуулдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд манайх төсвөө тэлээд л байдаг тэлээд л байдаг гэтэл хүндээ наалдаж хүрч байна уу гэхээр маш бүрхэг байна. Ажилгүйдэл, ядуурлын түвшин буурахгүй, өрхийн орлого, зарлага амаргүй байна. Манайх эдийн засаг, төсвийн том реформ хийх цаг нь болсон. Зөвхөн уул уурхайгаас хамаарсан төсөвтэй байхаар цаашдаа амь зуулгад их хүнд байна. Тиймээс улс орны эдийн засгийг солонгоруулах, экспортыг дэмжсэн үйлдвэрлэл, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна.

Эдийн засагт нөлөөлдөг хэдэн зүйл байдаг. Улс орноо хөгжүүлье гэвэл төмөрлөгийн үйлдвэртэй болох ёстой. Хоёрдугаарт, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Бүх түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээхгүйгээр түүхийгээр нь гаргадаг нөхцөл байдлыг цаашид халах хэрэгтэй байна. Энэ мэтчилэн төсөв, санхүү, эдийн засгийн суурь бүтцийн томоохон өөрчлөлт хийж байж төсвийн шинэчлэлт хийнэ.

Тиймээс дорвитой томоохон өөрчлөлт хийж төмөрлөг, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй болох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж нэмүү өртөгтэй болгох, импортоос хэт хараат байдлаас гарах бодлогыг бид авч хэрэгжүүлэхгүй бол төсөв тэлээд байгаа ч улс орны хөгжилд наалдахгүй байна.

-Таны хэлсэн шийдлүүдийн эхлэлүүдийг тавих санхүүжилт энэ жилийн төсөвт тусгагдсан байна уу?

-Импортын хараат байдлаас гарах чиглэлд нэлээн анхаарсан байна лээ. Өмнөх Засгийн газрын үед нефть боловсруулах үйлдвэртэй болох зорилт дэвшүүлж, ажлаа эхлүүлсэн. Энэ бол нэг том алхам. Түүнчлэн энэ жилийн төсөвт зам, эрчим хүчний төслүүдэд нэлээн хөрөнгө тавьсан байна лээ. Эрчим хүчний хараат байдлаас гарах нь зөв гарц. Энэ мэтчилэн нэг үеэ бодвол эерэг, хөгжил рүү чиглэсэн төсөв болсон байна. Гэхдээ хүний хөгжилд анхаарах, эдийн засгийн хүнд үед ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих асуудлыг орхигдуулж болохгүй. Үүнийг хаа хаанаа бодох хэрэгтэй байна.

-Гишүүд улс орны том эрх ашгийг харсан төслийг бус өөрсдийнхөө тойргийн жижиг зүйлд төсөв зараж байна гэх шүүмжлэл их гардаг...

-Нэг зовлон байна. Манай улсын сонгуулийн тогтолцоо нь тойргоос сонгогддог. Гишүүдэд тойргийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж, төрийн бодлого болгохын төлөө, хот хөдөөгийн ялгааг арилгах, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох хүсэл эрмэлзэл байдаг.

Тойргийн иргэд нь хөдөөд хөрөнгө оруулалт хийхийг, хот хөдөөгийн ялгааг арилгахыг шаарддаг. Энэ мэт зовлон байгаа учраас төсвийн хөрөнгө оруулалт нэрээр тойргоо усалж байна гэх шүүмжлэл үнэний ортой. Сонгуулийн тогтолцоо нэгэнт тойргийн зарчимтай учраас тойргийнхоо иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр зорих нь зүйн хэрэг. Иргэд ч сонгосон гишүүнээсээ шаардах нь ч мөн л зүйн хэрэг. Тиймээс тойргийн хөрөнгө оруулалтыг үгүйсгэх аргагүй. Улсын эрх ашиг, тойргийн эрх ашиг хоёрыг яаж эрэмбэлэх, уялдуулж зохицуулах нь бодлогын том асуудал байх ёстой гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ