https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол болов
2021.11.16
Хүний эрх

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол болов

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.15) хуралдаан 14 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийхээр төлөвлөснийг тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Тэрбээр мөн 2021 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах журмыг тогтоосон талаар, мөн Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж, томилохоор заасны дагуу сонсгол хийж буй талаар танилцууллаа.

Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй бөгөөд хуульд зааснаар шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага юм. Тус Хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх ба гишүүд нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно. Үүнд, хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох юм.

Байнгын хорооны өнөөдрийн (2021.11.15) хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг маргаашийн (2021.11.16) хуралдаанаараа хийхээр төлөвлөжээ.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн олонхийн санал авсан таван нэр дэвшигч болон Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд, мөн оролцогч, ажиглагчид хүрэлцэн ирсэн байв.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 19-нд хуралдаж Монгол Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан байна.

Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчдийг Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдээс авсан саналын дарааллаар буюу Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар гэсэн дарааллаар танилцуулахдаа Байнгын хорооны дарга С.Бямбацогт нэр дэвшигчдийг ямар мэдлэг чадвартай, томилогдвол ажлын чадвар чадамж нь хэр хүн бэ гэдэг талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой томилгооны сонсгол хийж буйг хэллээ.

Нэр дэвшигч Ц.Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, нэр дэвшигч Д.Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, нэр дэвшигч Д.Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, нэр дэвшигч Х.Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажилладаг аж. Томилгооны сонсголын дэгийн дагуу томилогдохоор хэлэлцэгдэж буй нэр дэвшигчид тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага, хэрвээ томилогдвол хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өглөө.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчдээс ашиг сонирхлын зөрчил болон гэр бүлийн эрхэлдэг бизнес, ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар, шүүхийн шинэчлэл, томилогдвол хийх ажилтай нь холбогдуулан асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Байнгын хорооны дарга С.Бямбацогтоос Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчийнх нь хувьд асуулт асууж, хариулт авав. Ш.Адьшаа гишүүний асуултад нэр дэвшүүлсэн болон шалгаруулалтын явц, Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар хариулт өглөө.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа сонсголд хүрэлцэн ирсэн оролцогчид мөн нэр дэвшигчдээс асуулт асууж, саналаа илэрхийлсэн бол хүрэлцэн ирсэн ажиглагчид томилгооны сонсгол хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналтаа тавив. Оролцогч П.Бадамрагчаа (Нээлттэй нийгэм форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн менежер), Т.Амарзаяа (“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын тэргүүн), Н.Ганболд (“MonPass” компанийн захирал), Г.Баасан, Е.Өлзийбат нарын асуусан асуултад болон иргэдээс бичгээр ирүүлсэн асуултад нэр дэвшигчид хариулт өглөө.

Үргэлжлүүлэн томилгооны сонсголын дэгийн дагуу Улсын Их Хурын гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр “Та бүхнийг Улсын Их Хурал нэр дэвшүүлээгүй. Өөрсдөө та бүхэн хараат бус, шударга ажиллаж чадна гэж нэрээ дэвшүүлж орж ирсэн. Шүүгчдийг шүүх гэж буй учир шүүгчээс илүү мэдлэг, ур чадварыг та бүхнээс шаардана. Та бүхэн олиггүй байвал бидний хийсэн шүүхийн реформ нурж унана, сайн ажиллавал эерэг өөрчлөлтүүд гарна…” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар “Томилгооны сонсголд оролцож буй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөд шүүхийн шинэчлэлийг дэмжиж гар бие оролцож буйд баярлалаа. Сэтгэлээ зориулж буй энд ирээгүй хүмүүс ч бий” гээд иргэдийн оролцооны талаар байр сууриа илэрхийллээ. Төгсгөлд нь Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлж, сонсголыг өндөрлүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ