МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.19
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлын тухай хуулийг тухай бүрт нь боловсронгуй болгох нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2021.11.19/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Кибер аюулгүй байдлын тухай хууль бол маш чухал учраас дэмжиж байна. Цаашид хуулийг илүү боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүснэ. Цахим технологи хурдацтай хөгжиж байгаа учир кибер халдлага ихсэх нь тодорхой. Энэ хуулийг батлаад орхих биш, нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлага үүсэхийг сануулъя.

Кибер халдлагын талаарх мэдээлэл маш их байна. Энэ асуудал даамжраад ирвэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд очно. Жишээлбэл, Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт мэдээллийн нэгдсэн системд 2019-2021 онд 31.6 мянган зөвшөөрөлгүй хандалт хийгдсэн байна. Үүнээс 8169 нь өндөр эрсдэлтэй бөгөөд хэд хэдэн халдлагад эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа. Гэтэл уг систем нь мэдээллийн маш их баазтай, улсын нууцын зэрэглэлийн мэдээлэл агуулдаг. Тухайлбал, тероризмын хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүд, Монгол Улсад нэвтрэх болон гарахыг хориглосон бүхий л иргэний мэдээлэл, манай улсын хилээр нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслийн мэдээлэл багтдаг.

Түүнчлэн эл системд УБЕГ, ЦЕГ, ТЕГ, ХХЕГ зэрэг байгууллага холбогдож, үйл ажиллагаа явуулдаг. Маш чухал мэдээлэл бүхий системд халдлага үйлддэгдэг учраас Кибер аюулгүй байдлыг сайжруулах хэрэгцээ бий болж байгаа юм. Хэрвээ уг системд халдлага үйлдэгдэж, ажиллахгүй болсон тохиолдолд Монгол Улсын хилийн агаарын, төмөр замын, автозамын бүх боомт тэг зогсолт хийнэ. Хоёрдугаарт тус систем дэх бүх мэдээлэл алдагдах эрсдэлтэй.

Хуулийн төслийн 13.1.3-т Кибер аюулгүй байдлыг хангахад ашиглагдах тоног төхөөрөмж, програм хангамжийг шалган баталгаажуулах, дүгнэлт гаргах, шинжилгээ судалгаа хийх, тоон шинжилгээний лаборатори ажиллуулах гэж заажээ.

Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ