МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​Н.Ганибал: Бид захиалгын хүмүүс биш. Өөрсдийн итгэл, үнэмшлээр Цэцэд хандсан
2021.12.08
Хууль, эрх зүй

​Н.Ганибал: Бид захиалгын хүмүүс биш. Өөрсдийн итгэл, үнэмшлээр Цэцэд хандсан

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд гомдол гаргаад байгаа. Гишүүдийн гомдол гаргасан асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Ш.Адьшаа гишүүн та хоёр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд гомдол гаргасан байсан. Шүүхийн тухай хуулийн ямар зүйл заалт дээр гомдол гаргасан юм бэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүдийг томилохдоо, сонгон шалгаруулалтад оруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүнээр ахлуулна гэсэн заалт оруулсан. Үүнийг бид болохгүй гэж үзэж байгаа юм. УИХ өөрөө сонгон шалгаруулалтаа хийгээд сонсголд оруулна гэдэг ашиг сонирхлын зөрчил үүснэ. Эрх барьж байгаа нам өөрийнхөө хүнийг оруулна гэсэн үг. Шүүхийн байгууллага хараат бус байх ёстой. Дөрвөн жилд нэг удаа сонгогддог улс төрийн байгууллага энэ ажлыг зохион байгуулаад тогтворгүй байдал үүсгэх эрсдэл бий болгож байгаа юм. Тиймээс энэ зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд хандсан.

ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг томилох томилгооны процесс нь хууль зөрчиж байгаа нь амьдрал дээр сая харагдлаа. ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг Их хуралд оруулж ирээд нэгийг нь сугалж авч үлдээд, эрх баригч нам, тэр дундаа тодорхой бүлэглэлийн эрх ашиг нэгдсэн хүмүүс өөрсдийнхөө хүнийг оруулж ирж томилуулсан. Томилгооны сонсгол хийх нь зөв. Гэхдээ оруулж ирж байгаа ажлын хэсгийг УИХ-ын гишүүн ахлаад эрх баригчдын захиалгаар ажиллаж байгаа нь амьдрал дээр маш тодорхой харагдаж байна.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ахлан ажиллаж байсан Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг гээд хүмүүс албан ёсоор энэ процессыг олон нийтэд мэдээллээ. “Бидний хийж байсан Шүүхийн шинэчилсэн хууль эрх баригчдын гар хөл болох нөхцөлийг үүсгэлээ. Шүүхийн шинэчлэл энд ирээд зогслоо” гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. ШЕЗ-д нэг л удаа сонгогдоно гэж заасан байхад нэр дэвшигч нь өөрөө тайлбарлаад орж ирж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэг л удаа сонгогдоно гэсэн заалтаар өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүнийг нэр дэвшихийг хаасан. Үг, үсэг, өгүүлбэр нь яг ижилхэн асуудал дээр өнөөдөр намын ажлын хэсэг, байнгын хорооны дарга нар нь ч тайлбар хийсэнгүй. Зөвхөн нэр дэвшигч би ажиллах боломжтой гэдэг тайлбартайгаар УИХ-д орж ирээд томилогдлоо. Энэ үйл явдал УИХ-ын гишүүнээр энэ ажлын хэсгийг ахлуулах нь улс төрийн томилгоо болно гэдэг заалтыг амьдрал дээр батлаад өглөө.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүдийг томилохдоо, сонгон шалгаруулалтад оруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүнээр ахлуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг анх хэлэлцүүлгийн үед ч ярьж байсан. Яагаад ийм хожуу Цэцэд хандаж байгаа юм бэ. Ер нь энэ ажлын хэсгийг ямар албан тушаалтан ахлах ёстой юм бэ?

-УИХ-ын дэргэдэх байгууллага Төрийн албан зөвлөл гэж байгаа. Тухайн тавьсан шаардлагуудыг биелүүлсэн 10 хүнийг оруулж ирээд нээлттэй сонсгол хийгээд тэр дундаас УИХ-ын гишүүд тавыг нь сонгох боломж байсан. Харамсалтай нь тулгасан таван хүн оруулж ирсэн. Гэтэл эрх баригч талын тодорхой бүлэглэл нэг хүнээ үлдээсэн учраас оруулж ирсэн таван хүнээс нь нэгийг нь унагаад дахин захиалгат хүнээ оруулж ирж томиллоо. Тиймээс энэ ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөлөөс юм уу, ТББ-даас ахалж болно.

Дараагийн Их хуралд өнөөдрийн гишүүд бүгд сонгогдохгүй. Өөр бүрэлдэхүүнтэй болно. Тэр хүмүүс дахиад л ШЕЗ-ийн асуудлыг гаргаж ирнэ. Аль нам эрх барьж байна тэд өөрсдийнхөө захиалгат хүмүүсийг ШЕЗ-ийн гишүүнээр томилно гэсэн үг. Энэ үнэхээр болохгүй. УИХ-ын гишүүн гэхээсээ илүү Монгол Улсын иргэн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Цэцэд хандсан. Үүнийг хэлэлцэх, үгүй нь Цэцийн асуудал.

-Үндсэн хуульд оруулсан Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэй байна гэсэн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд хандсан байсан. Тэгвэл Засгийн газрын сайд нар 100 хувь “давхар дээл”-тэй байх ёстой гэж үү?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрөвхөн сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт оруулчихсан. Монгол Улсын хууль дээдлэх, тусгаар тогтнол, ҮАБ энд мөн яригдаж байгаа. Яагаад гэхээр Засгийн газрын тэргүүнд кабинетаа байгуулах эрхийг өгсөн. Гэтэл зөвхөн дөрөв нь УИХ-ын гишүүн байж болно гэж зааж өгсөн нь өөрөө зөрчилдөж байгаа юм. Яагаад бүгдээрээ УИХ-ын гишүүн биш байж болохгүй байгаа юм. Яагаад заавал дөрөв гээд байгаа юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хууль зүйн сайд, ЗГХЭГ-ын дарга, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд “давхар дээл”-тэй байсан. Яагаад энэ дөрвийг сонгочихвоо. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гарч ирээд Шадар сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, БШУ сайдыг “давхар дээл”-тэй болгоод өөрчилчихсөн. Аль салбарын сайдыг “давхар дээл”-тэй болгож болдог, алийг нь гаднаас томилж болдог юм бэ.

Хэрвээ энэ байдал цааш үргэлжлээд явбал магадгүй сайд болох гэж байгаа хүн УИХ-д нэр дэвших хүсэлгүй болчихно. Магадгүй тухайн намын дарга, Ерөнхий сайд болох хүнд тодорхой хэмжээний мөнгө өгөөд сайд болдог байдал руу орно. Одоо ч ийм хардлагыг төрүүлээд эхэлсэн. "Тэр тэдэн төгрөг өгч сайд болжээ" гэсэн мэдээллүүд ч явсан. Өмнө нь ч манай улс төрд ийм асуудал үүсч байсан. 50 сая төгрөгөөр дэд сайд болдог гэсэн хэл ам гардаг байсан.

Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт бодит нөхцөл байдлаасаа буруу тийшээ явчихаж байгаа юм. Хэн их мөнгөтэй нь авлига өгч сайд болдог, авлигачдын Засгийн газар бий болох нөхцөл байдал үүсээд байна гэж үзэж байгаа учраас л Цэцэд хандсан.

-Тэгэхээр Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй байх нь зөв гэж үзэж байгаа юм уу?

-Дөрөв гэсэн тоо чинь ямар учиртай юм бэ, тоо заах чинь буруу байна гэж үзэж байгаа юм. Засгийн газрын тэргүүнд кабинетаа байгуулах эрхийг нь өгөөд л орхи. Заавал дөрвөн сайд нь “давхар дээл”-тэй байх ёстой гэж зааж өгсөн нь өөрөө хууль зөрчиж байна. Анх үндсэн чиглэлийн дөрвөн яамныхаа сайдыг “давхар дээл”-тэй байлгана гэж ярьж байсан.

Гэтэл одоо гарч ирсэн Ерөнхий сайд бүхэн янз бүрийн салбар дээр УИХ-ын гишүүдээ “давхар дээл”-тэй болгоод байна. Зөрчил нь өөрөө үүн дээр байгаа юм. Эсвэл энэ, энэ дөрвөн яамны сайд “давхар дээл”-тэй байна гэж тодорхой зааж өгөх хэрэгтэй. Түүнээс биш Засгийн газрын сайд нар 100 хувь “давхар дээл”-тэй байх ёстой гэсэн үг биш.

-Эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар тохироо хийсэн гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гарсан. Ш.Адьшаа гишүүн та хоёрыг МАН-ын захиалгаар Цэцэд хандлаа гэсэн хардлага байна. Журмын тухай хууль байгаа учраас Цэцэд гомдол гаргуулаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж харагдаад байна л даа?

-Үндсэн хуульд жаахан, жаахан өөрчлөлт хийх нь буруу. Гэхдээ Үндсэн хууль улс төрийн болон эдийн засаг, нийгмийн гажуудал руу түлхээд байгаа бол бид эрс өөрчлөлт хийх ёстой.

УИХ-ын гишүүн болоод маш олон асуудлыг ойлгодог, мэдээлэлд ойр болж эхэлж байна. Энэ бүхнийг ойлгоод өөрсдийнхөө байр сууриар явах гэхээр хэн нэгний захиалгаар явж байна гэж хардаж болохгүй. Бид тийм захиалгын хүмүүс биш. Өөрсдийн итгэл үнэмшлээр явж байна.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ