2021.12.15
Хүний эрх

Б.Энхбаяр: Замын хөдөлгөөнийг хянах камеруудыг шахааны бизнес хийж, ажиллахгүй камеруудаар тоноглосон

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.12.15/ хуралдлаа. Хурлаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хууль зүйн яам, Засгийн газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн нэгдсэн стандартаар замын камерыг хийдэг болно гэсэн санааг дэмжиж байгаа.

Улаанбаатар хотын замын түгжрэлд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл бий. Түүний нэг нь замын камер байгаа юм. Миний сонссоноор хотод ажиллаж байгаа камер 10 хүрдэггүй гэнэ. Тэгэхээр дүрэм зөрчсөн жолоочид торгууль ногдуулахгүй байгаа нь аргагүй юм билээ. Үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй.
Замын хөдөлгөөний камержуулалт чинь шахааны бизнес болчихсон учраас ийм асуудал үүсээд байна. Ажилдаггүй камерыг хуулийн байгууллагынхан өөрсдөө тавьдаг. Үүнийг яаж цэгцлэх вэ? Хууль зүйн яам нэг стандарт гаргах ёстой.

Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гүйцэтгүүлж болно гэсэн санал тусгажээ. Хувийн компани гүйцэтгэж болно гэсэн үг үү?

Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ