https 208
2022.01.06
Улстөр

Б.Энхбаяр: Холбоо, иргэний нийгмийн байгууллагууд төрөөс хараат бус байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төслийг дэмжиж байна. Энэ бол төрийн бус байгууллагын хууль. 20 жилийн өмнө Иргэний хуулийг гаргахдаа сан, холбоо гэдэг нэршилтэй байхаар заасан ч бид төрийн бус байгууллага хэмээгээд дадсан байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар эл асуудлыг зөвтгөж орж ирж байгаа нь сайшаалтай.

Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 24-нд өргөн барьсан энэ хууль хэдэн жил хэлэлцүүлгийн шатанд явсан бэ?

Тус хуулийн төслийг дан ганц Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх нь хэр оновчтой вэ? Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал байгаа гэж харж байна. Яагаад гэвэл авлига, гэмт хэрэг, мөнгө угаах терроризмтэй тэмцэх асуудал Хууль зүйн байнгын хорооны эрхэд байдаг.

Манай улсыг олон улсын байгууллагууд саарал жагсаалтад оруулсан. Ингэхдээ манайд 5 шаардлага тавьсан. Үүний нэг нь төрийн бус байгууллагын хуулийг шинэчлэх тухай байгаа юм. Тэгэхээр бид энэ хуулийг дэмжихгүй бол дахин саарал жагсаалтад орно.

Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бодлогын түвшинд авлига, ашиг сонирхолтой тэмцэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Гэтэл доод шатны ажилтнууд нь бужигнуулж байна.

Холбоо, иргэний нийгмийн байгууллагууд төрөөс хараат бус байх ёстой. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр /2022.01.06/ дэргэдээ Мэргэжлийн нэгдсэн холбооны үндэсний зөвлөл байгуулжээ. Төр нь өөрөө төрийн бус байгууллага байгуулчих юм. Ерөнхий сайдын санал санаачлагыг эсэргүүцэж байна гэж харагдана.

Түүний асуултад Дэд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ