2021.12.16
Гадаад харилцаа
ОХУ, Монгол Улсын Оюуны өмчийн газар хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улс (ОХУ)-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол Улсын Оюуны өмчийн газар, Оросын Холбооны Улсын Холбооны оюуны өмчийн алба хоорондын Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотод боллоо.
Хоёр талын Оюуны өмчийн газрууд нь 2003 онд байгуулсан хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд харилцан туршлага, мэдээлэл, мэргэжилтэн солилцох, хамтарсан хурал, зөвлөгөөн зохион байгуулж ирсэн Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувьсан өөрчлөгдөж буй оюуны өмчийн орчинд нийцүүлэх, хоёр талын цахим хөгжлийн зорилттой уялдуулах зорилгоор хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа юм.
ОХУ-ын Холбооны Оюуны өмчийн алба нь тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа холбооны агентлаг бөгөөд Холбооны Оюуны өмчийн албаны бүрэлдэхүүнд Аж үйлдвэрийн өмчийн хүрээлэн, ОХУ-ын Оюуны өмчийн академи, Цэргийн болон тусгай ба хос зориулалтын оюуны үйл ажиллагааг хамгаалах холбооны агентлаг тус тус багтдаг байна.
Холбооны Оюуны өмчийн алба нь үйл ажиллагааг цахимжуулах, хайлт шүүлтийн хугацааг богиносгох, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд өндөр үр дүнд хүрч ажиллаж байгаа бөгөөд оюуны өмчийн эрхийн дотоод, гадаадын мэдүүлгийн тоогоороо дэлхийд 8-д ордог, дэлхийн топ 10 албаны нэг юм.