МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.11
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Төв банк төсөл хөтөлбөр, инфляци, зээлийн асуудлаар бие даасан үйл ажиллагаа явуулж байна уу

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2022.01.11/-ийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж байна.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Монголбанкнаас зээлийн хүүг бууруулья гэсэн зөв ажлууд хийгдэж байгаа. Гол нь ард иргэддээ хүрдэг, зээл хэрэгтэй байгаа ЖДҮ эрхлэгчдэдээ хүрдэг суваг нь банк байдаг. Тэгтэл банк зээлийнхээ эрсдлийг тооцоход банкных нь чадавх хүрдэггүй юмуу, эсвэл зах зээлд байгаа зээлдэгчдийн мэдээлэл дутуу байдаг юмуу? Энэ чиглэлд Монголбанк зээлдэгчдийн мэдээллийг ил болгох, зээлийн эрсдэл дээр ажилладаг ажилчдын тоог нэмдэг ч юмуу? Ажилчдын харьцаа ямар байдаг юм бэ?

Арилжааны банкны треллер, эрсдэл хариуцсан ажилчдын харьцаа гэж байна уу? Энэ тал дээр жаахан дутмаг байдаг юм болов уу гэж би боддог. Монголбанкнаас ямар арга хэмжээ авдаг вэ?

Хоёрдугаарт, экспортыг дэмжсэн ямар тодорхой ажлууд хийгдсэн бэ? Экспортын бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниудаа дэмжсэн ямар ажил хийсэн бэ?

Гуравдугаарт, Ард иргэд ядуу байна. Орлогынх нь 70-80 хувь нь хүнсэнд явдаг байхад хүнсний инфляци өндөр байна гэдэг бол өндөр эрсдэлтэй. Өнөөдөр 80 хувь байгаа нь инфляци өсөхөөр 85-90-95 гээд өсөөд явна. Тэгэхээр энэ талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Монголбанк инфляци өсөөд бодит эрсдэл ирэхээр арга хэмжээг шуурхай авах байх, өөрсдөд нь хэрэгсэл нь байгаа болохоор.

Төв банкны хууль бие даасан, хараат байдлыг нь хангаж чаддаг уу? Нэмэлт өөрчлөлт хэрэгтэй бол бидэнд хэлж, бие даасан байдлыг нь хангаж өгөхөд Их хурал ажиллах ёстой.

Эдийн засгаа сэргээж тэлэхэд хамгийн гол нь мөнгө хэрэгтэй байгаа. Мөнгө нь хэрэгтэй хүмүүстээ очиход анхаарах хэрэгтэй байна. Экпортод чиглэсэн, олон хүнийг ажлын байртай болгож байгаа төсөл хөтөлбөрүүд рүү явагдаж байгаа асуудал нь дундаа бөглөрөөд байгаа бол Монголбанк давж харьцаж болдоггүй юмуу? Бондыг нь худалдаж авдаг ч юмуу?

Европын төв банкнаас явуулсан бодлого байдаг шүү дээ. 2008 оны хямралын дараа гаргасан арга хэмжээтэй төстэй арга хэмжээг Монголбанкнаас авч болдоггүй юмуу?

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ