НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хотын 41 стандартыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо
2022.02.21
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хотын 41 стандартыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав. Дэлхийд 120 хот өөрийн стандарттай байдаг. Монгол Улсын хэмжээнд 7008 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс 1400 гаруй нь 1990 оноос өмнө, 670 гаруй нь 1990-2000 оны хооронд, 2100 гаруй нь 2000-2010 онд, 2700 орчим нь 2010 оноос хойш баталсан стандарт юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлахаар, хотын иргэн дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан юм. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын стандартыг боловсруулж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсэг 22 бүлгийн 97 “Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг”-т дүн шинжилгээ хийж, эхний ээлжид 10 бүлгийн 41 төрлийн стандартыг батлуулахаар нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч тусгах, НИТХ-д өргөн барьж батлуулах төлөвлөгөө гаргажээ. Дээрх 41 стандартын баримт бичгийн төсөлд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 27 агентлаг, 321 харьяа газар, мэргэжлийн байгууллагаас, мөн нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд www.ulaanbaatar.mn, www.standart.ub.gov.mn сайтуудаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасан байна. Санал асуулгын дүнд давхардсан тоогоор нийт 37.411 санал ирүүлснээс дэмжсэн 10.769, ерөнхий 16.680 санал өгчээ. Улмаар нийт 17.228 саналыг хэлэлцэж, хотын стандартад тусгасан байна.

Хотын стандартын тус 10 бүлэг нь Чанарын дэд бүтэц, Хот төлөвлөлт, хот байгуулалт, Ногоон байгууламж, “Иж бүрэн гудамж”, Нийгмийн дэд бүтэц, Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчин, Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, Зорчигч тээврийн үйлчилгээ, Хог хаягдлын менежмент, Гэрэлтүүлгээс бүрджээ. Нийгмийн дэд бүтэц бүлэгт л гэхэд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага, Эрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Төрийн байгууллагын гадна орны ерөнхий шаардлага зэрэг багтсан байна. Хотын стандартыг хэрэглээ, зориулалтаар нь мөн А, В, С гэж гурав ангилжээ. Стандартыг боловсруулахдаа олон улсын хотуудын стандарт болон цаг агаарын хувьд Улаанбаатартай төстэй хотуудын стандартыг судалсан байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас хотын 10 бүлгийн 41 стандартыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувь нь эмэгтэйчүүд байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дараагийн хэлэлцсэн асуудал нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, төрөөс жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийн тайлан байлаа. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнээс 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй буюу 100 эмэгтэйд 92 эрэгтэй ногдож байгаа юм. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 4.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа бөгөөд 14.7 хувийг эрэгтэйчүүд, 85.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Түүнчлэн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 71.8 байгаагаас эрэгтэйчүүд 67.06, эмэгтэйчүүд 75.11 байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.56 дахин их байгаа юм. НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчдын хүйсийн тэнцвэртэй байдлын тайлангаар нийт 369 албан хаагчийн 57.5 хувь нь эмэгтэй, 42.5 хувь нь эмэгтэй байна.

Зөвлөлийн хурлаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай төрийн бодлогын хэрэгжилтийн тайланг НИТХ-аар хэлэлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөд үүрэг болгов.

Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд шалгалт хийв

Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийг Ажлын хэсгийн дарга Б.Мягмар танилцууллаа. Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 14-22-ны өдрүүдэд ажиллаж, НЗДТГ-т гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 11 төсөл, хөтөлбөр, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр, нийт 13 төсөл, хөтөлбөрт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ. Улмаар есөн чиглэлээр нэгдсэн санал, дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, төслүүдийн засаглалыг бэхжүүлэх, удирдах хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэн байгуулах, бодлогын газруудын уялдааг хангуулах шаардлагатай байгааг онцолж байлаа.

Мөн төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрт тусгасан нийслэлээс санхүүжүүлэх хөрөнгийг төсөвт тусгуулах, зээлийн эргэн төлөвлөлтийг төвлөрүүлэхэд анхаарах дүгнэлт гарчээ. Түүнчлэн худалдан авах ажиллагааны засаглал, чиг үүргийг шинэчлэх, төсвийн тодотголд зайлшгүй тусгах шаардлагатай саналуудыг тусгаж, төслийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслүүдийн хэрэгжилт, үр дүнд тавих хяналтыг тогтмолжуулан сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Ийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг төсөл хэрэгжүүлэх нэгжүүд болон төслийн гүйцэтгэгч байгууллагуудад даалгалаа.

ШИНЭ МЭДЭЭ