НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 86 байршил байгаа судалгаа гарчээ
2023.08.15
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 86 байршил байгаа судалгаа гарчээ

Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гадаадад төгссөн монгол эрдэмтэдтэй хамтран боловсруулжээ.

Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Тодруулбал, найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. Дээрх 75 байршлаас хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй нь 20 байршил байгаа бөгөөд эдгээрт ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай.

Уруйн үер болдог Дарь-Эх л гэхэд найман амнаас бүрддэг бөгөөд өмнө нь 34 метрийн өргөнтэй уулын жалга байсан. Гуу жалгыг хогоор дүүргэж айлууд бууж, газаргүйн улмаас жижиг хэмжээний үерийн далан байгуулсан нь ачааллаа дийлэхгүйд хүрч тус үер буужээ.

Баруун салааны уулын уруу нь Дарь-Эхээс бага тул уруйн үер боллоо гэхэд машин, байшин урсгах хэмжээний хүчтэй орж ирэхгүй. Харин хамрах хүрээ 100-200 метр өргөн буюу 50 см ус бүрхэх судалгаа гарчээ. Иймээс Баруун салаанд нэг секундэд 290 шоо метр үерийн ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай. Мөн хотын төвд ус тогтдог 32,140 га газар байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр хэлж байлаа.

Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл бий гэх судалгаа байдаг. Тэгвэл Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хийсэн судалгаагаар голоос 50 метр хүртэлх зайд буюу чөлөөлөх шаардлагатай 13,500 орчим нэгж талбар байгаа юм.

“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан. Тэдний хийсэн судалгаагаар эхний ээлжид 8406 нэгж талбарыг яаралтай чөлөөлөх болон инженерийн байгууламжийн 60 хувь нь хуучирсан байгаа тул шинэчлэх шаардлагатай гэжээ. Иймээс эхний ээлжид үерээс хамгаалах байгууламжийн өнөөгийн байдал, мөн үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ирэх жил энэ жилээс хоёр дахин их бороо орох магадлалтай гэсэн. Иймээс эрсдэлээ урьдчилан тооцоолж, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Улаанбаатар хотод ус хуримтлуулах сан шаардлагатай байна. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаас өөр аргагүй” гэлээ.

Дэлхийн хотуудын хувьд шалтгаанд суурилсан буюу асуудлаас урьдчилан сэргийлэх бодлого баримталдаг. Харин манай улсын хувьд үүссэн асуудлыг шийдэх буюу асуудлыг намжаах, гал унтраах бодлого баримталж ирсэн гэдгийг эрдэмтэд тодотгож байв.

Энэ үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал А.Дашцэрэн шийдвэр гаргах түшинд эрдэмтэн, судлаачдын саналыг сонсож, судалгааны үр дүнг тусгаж байх нь чухлыг онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотын халиа, түүнээс үүсэх сөрөг нөлөөний талаар мэдээлэл өгсөн. Хотын хэмжээнд дөрвөн байршилд 6-7 том халиа жил бүр үүсдэг бөгөөд 200 орчим өрх халианд автдаг байна. Иймээс нарийвчилсан судалгаа хийх, үүний дараа шийдлийг тодорхойлох, мөн халиа үүсээд байгаа газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулбал үр дүнтэй гэдгийг хэлж байлаа. Хотын дарга дээрх саналыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ