2022.03.17
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Энхбаяр: Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төслийг бид өмнө хууль болгоод баталчихсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Байгаль орчны байнгын хорооны санал дүгнэлтэд миний бие нэгдүгээр сарын 17-ны өдөр оролцож, үг хэлж, санал гаргаж байсан. Миний нэр, хэлсэн үгийг огт дурдаагүй байна. Би ямар санал гаргасан бэ гэхээр энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэдэг дүгнэлт хэлсэн. Яагаад гэхээр 2021 оны 11-р сарын 24-ний өдөр өргөн барьсан хуулийн төсөл байгаа. Одоогийн Б.Бат-эрдэнэ сайд өргөн бариагүй, түүний өмнөх сайд өргөн барьсан. Үүнээс хойш УИХ Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталсан. Нийтийн мэдээллийн хуулинд энэ өргөн барьсан хуулийн төслөөр зохицуулах гэж байгаа харилцааг бид нэгэнт хуульчилсан.  Одоо бид нэг зүйлээ хоёр дох удаагаа хэлэлцэх гэж байна. Би УИХ-ын Тамгын газарт хандаж Нийтийн мэдээллийн хуульд тусгагдсан заалтуудыг нэг бүрчлэн уншиж өгч, яг энэ зохицуулах гэж байгаа харилцааг бид хууль болгоод гаргачихсан, одоо энэ асуудлыг дахин хэлэлцэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Засгийн газраас тухайн үед нь мөн яагаад энэ нэг харилцааг хоёр хуульд оруулж ирж байгаа талаар асууж байсан.

Нийтийн мэдээллийн хуульд Байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээгээр иргэд мэдээлэл авах эрхтэй, холбогдох төрийн байгууллагууд нь энэ чиглэлийн мэдээллийг нь өгөх үүрэгтэй гээд хуульчилчихсан. Гурван сарын өмнө баталчихсан хуулиа бид өнөөдөр дахин хэлэлцэх үү?

Өмнөх Н.Уртнасан сайд яагаад тусдаа хууль оруулж ирсэн талаар судлаад үзтэл БОАЖЯ гадны олон төсөл хэрэгжүүлдэг юм байна. Энэ олон төслийнхөө хүрээнд ийм ийм хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна гээд гаднаас мөнгө авдаг юм байна. Миний сонссоноор Тусгай хамгаалалтын хууль хийнэ гээд нэг тэрбум төгрөг зарчихсан. Одоо тэгээд өнөөдрийн энэ нэг өгүүлбэртэй хуулийг хийнэ гээд хэдэн төгрөг гаднаас санхүүжилт авчихсан юм бэ?

Одоо Газрын тухай багц хууль орж ирнэ. Тусгай хамгаалалттай газар бол БОАЖ-ын сайдын эрхлэх асуудал байгаа. Энэ асуудал юу болсныг бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэдэж байгаа. Тэрэлж, Богд уул, Яармаг одоо байхгүй. Тэнд байгаа орон сууцууд бүгд Отог гэдэг газрын зөвшөөрөлтэй. Отог дээр 9 давхар байшинд орон сууц байгаа. Ийм л байдалд хүрчихсэн. Одоо Газрын багц хуулиар нэгдмэл удирдлагатай байх ёстой. Үе үеийн Байгаль орчин, Уул уурхай, Хөдөө аж ахуйн сайд нар бүгд өөр өөрсдийнхөө газрыг мэдэх гэж газрын шинэчлэлийг явуулдаггүй, садаа болдог. Б.Бат-эрдэнэ сайд залуу хүн учраас энэ асуудал дээр ялангуяа газарт байгаа авилгыг таслан зогсоох дээр эрч хүчтэй, зоригтой ажиллаж чадна гэдэгт би итгэж, дэмжиж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хуулийн асуудлыг одоо хэнээс асуух вэ?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ