МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.17
Эдийн засаг, Худалдаа

Д.Өнөрболор: Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг бүрэн ашиглах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Байрлалын хувьд маш оновчтой, дэд бүтцийн асуудал нэлээн сул байна. Бизнесийн уян хатан байдал, таатай орчин бүрдүүлэх нь чөлөөт бүсийг хөгжүүлэх гол хөшүүрэг болно. Энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх төлөвлөх ёстой.

Чөлөөт бүс бий болсноор худалдааны харилцаа чухал үүрэг гүйцэтгэх болно. Магадгүй хөгжлийнхөө явцад хуурай боомт бий болох боломжтой.

Манай улс 2016 онд Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг баталсан байдаг. Одоогийн чөлөөт бүсийн хуульд худалдааг хөнгөвчлөх агуулгыг зөвхөн нэр томъёоны тайлбар төдий тусгасан байгаа юм. Хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах, хууль тогтоомжоор зохицуулалгүй орхигдуулснаас болоод хэлэлцээрийн хэрэгжилт бүс нутгийн түвшинд дунджаас хэт доогуур байгаа юм. 2025 он гэхэд энэхүү хэлэлцээрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгаа. Бид нэгдэж орсон хэлэлцээрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай. Чөлөөт бүсэд олон улсын худалдаа, эдийн засгийн интеграцад нэгдэх гарц шийдэл бүхий улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц хэмжээний болгомоор байна.

Дэлхий дээр 5400 чөлөөт бүс байдаг гэж танилцуулсан. Тэгэхээр экспорт нэмэгдүүлэх, худалдааны эргэлт сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр гадаадын чөлөөт бүсүүдээс ялгаатай онцлог болгох төлөвлөгөө байгаа юу?

Түүний асуултад Сангийн яамны ТНБД С.Наранцогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ