МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.17
Эдийн засаг, Худалдаа

Э.Батшугар: Чөлөөт бүс амжилттай хөгжихийн тулд дэд бүтэц, бизнесийн таатай орчин чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 

Тогтоолын төслийг дэмжиж байна. Монгол Улсын эдийн засгийг солонгоруулж, ажлын байр бий болох том бололцоо юм. Гэхдээ хийхэд тийм амар зүйл биш. Өнөөдрийн байдлаар дэлхийд 5400 чөлөөт бүс байна. Эдгээрээс тоотой хэд нь л үйл ажиллагаа нь амжилттай явж байгаа. Жишээлбэл БНСУ-ын Инчоны чөлөөт бүс байна. Энэхүү чөлөөт бүс нь өнөөдрийн байдлаар 5 нанометрийн чип үйлдвэрлэдэг, анх байгуулагдаад эхний дөрвөн жилдээ 39 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсан. Энэ нь МУ-ын эдийн засгаас дөрөв дахин том хөрөнгө оруулалт татсан гэсэн үг. 2020 оны индекс харахад хоёр анхаарал татсан чөлөөт бүс байсан. Нэг нь Дубайн чөлөөт бүс байсан бөгөөд энэ нь хамгийн таатай оноо авсан чөлөөт бүс болсон. Тэнд 60,000 ажлын байр бий болж, өдөр бүр 2000-аад компаниуд бүртгүүлж байна. Дараагийнх нь Мароккод Танжер Мед гэж байгаа. Энэ нь 2020 оны индексээр хоёрт орсон буюу Африкын хамгийн том бөгөөд хамгийн амжилттай чөлөөт бүс болсон. Энд ойролцоогоор 90,000 ажлын байр бий болж, экспортод зориулсан том том үйлдвэрлэл явуулдаг. Эдгээрийг дүгнэж үзэхэд чөлөөт бүс амжилттай явахын тулд хамгийн хэрэгтэй зүйл нь нэгдүгээрт дэд бүтэц, хоёрт бизнесийн таатай орчин, гуравт хүнд суртал байхгүй гэх мэт зүйлүүд байна.

Тэгэхээр миний асуух эхний асуулт бол дэд бүтэцдээ ямар хэмжээний хөрөнгө оруулалт татсан бэ? Нэмээд ногоон хөгжил болон сэргээх эрчим хүч байгаа юу?

Хоёрдугаарт ямар байдлаар татвар болон бусад хөнгөлөлт байгаа вэ?

Гуравдугаарт Засаг захиргаан дээр ярихад хөрөнгийн бирж юм уу крипто валютын бирж тэнд байгуулъя гэвэл чөлөөтэй юу? Хэнээс ямар зөвшөөрөл авах вэ? Мөн гарааны бизнесүүд тэндээс хөрөнгө оруулалт татах бололцоо нээгдэх орчин үүсэх үү? Иймэрхүү асуудалд татварын ямар нэгэн хөнгөлөлт байгаа юу?

Түүний асуултад Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ