МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л. Мөнхбаатар: Дагаж мөрдөх журмаа зөв тооцохгүй бол төрийн үйлчилгээ гацна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар:

Улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн тогтолцоо 2008 онд бий болсон. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж, техник технологи хөгжихийн хэрээр бүртгэлийн үйл ажиллагаа улам төгөлдөржиж байна. Тийм учраас байнгын хороогоор хэлэлцэж буй хуулийн төслүүдийг дэмжиж байна.

Иргэний үнэмлэх дээрх регисторийн дугаар ихээхэн асуудал үүсгэдэг. Учир нь тухайн хүний хүйс, төрсөн он болоод төрсөн газрын талаарх мэдээллийг агуулсан байдаг. Үүнийг 12 оронтой тоогоор орлуулаад явах боломжтой. Иргэний шинэчилсэн бүртгэлийг 2009 онд хийж байх үед 12 оронтой тоог анх гаргаж ирсэн. Та бүгдэд байгаа иргэний үнэмлэх дээрх QR кодыг уншуулах юм бол тухайн 12 оронтой тоо байгаа. Энд зохион байгууулалтын хувьд асуудал гарах болов уу гэж харж байна.

Шинээр иргэний үнэмлэх авах, сунгалт хийлгэх, хаясан үнэмлэхээ дахин сэргээлгэх зэргийг нийтэд нь тооцоолбол жилд дунджаар 150 мянга орчим болдог. Хугацаа шаардах учир дагаж мөрдөх журмыг яаралтай шийдэх хэрэгтэй. Эс бөгөөс төрийн үйлчилгээ гацах эрсдэл үүснэ.

Үүнтэй холбоотой олон өөрчлөлт гарна. 0-16 насныхан иргэний үнэмлэхгүй учраас 12 оронтой тоог хэрхэн мэдэх вэ, регисторийн дугаараар үйлчилгээ авч явах уу?

Үл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл, диплом зэрэг нь хүний регисторийн дугаар дээр суурилсан байдаг. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хаягийн шилжилтийг дэмжиж байгаа. Хур системд 260 орчим байгууллага нэгдсэн учраас хаягийг талаарх мэдээлэл дээр асуудал үүсэхгүй байх.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ