МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.06
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ц.Цэрэнпунцаг: Мод шинээр тарих иргэн, аж ахуй нэгжийг урамшуулах асуудлыг хуульд тусгах хэрэгтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,04,06/-ны өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Хортон шавьж дээр тавьсан 2 тэрбум төгрөг хангалтгүй гэж үзэж байна. Үүний санхүүжилтийг нэмэх боломж байгаа юу?

Хоёрдугаарт ойн хуулинд орж ирж байгаа мод тарих хөтөлбөрт хамрагдах хувь хүмүүс, аж ахуйн нэгжийг хэрхэн яаж урамшуулж, мод тарих хөшүүрэг болгож ямар ажлууд хийхээр төлөлвлөж байгаа вэ? Энэ чиглэл рүү хийх арга хэмжээнүүдэд хийх тодорхой хуулийн зохицуулалт бий юу? Миний бодлоор энэ асуудлыг хуулиндаа тусдаа бүлэг, заалтаар оруулж өгвөл зүгээр гэж бодож байна.

Мэдээллийн чанартай зүйл хэлэхэд Их хуралд “Байгаль хамгаалах консерваци” гэж бүлэг байгуулагдаж байгаа. Энэ бүлэг 04-р сарын 21-24-ний хооронд албан ёсны нээлтээ хийнэ. Америкаас энэ ажлын хүрээнд туршлага солилцохоор зочид ирнэ. 04-р сарын 14-ний өдрөөс эхлээд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ойн болон усны агентлагтай уулзалт хийнэ. Энэ хүрээнд судалгаа хийж буй эрдэмтэдтэй уулзаж, судалгааны ажилтай нь танилцана. Үүнээс бидэнд олон төрлийн зөвлөгөө, шинэ хандлага, суралцах зүйл их гарна гэж бодож байна. Энэхүү байгаль хамгаалах консерваци бүлгийн хамгийн ихээр анхаарлаа хандуулж буй 3 сэдэв бий.

Нэгдүгээрт ойн хортон шавжтай тэмцэх асуудал. Шинээр мод тарих ажил ярихаасаа урьтаад 40,50 жил насалсан залуу моднуудаа эхлээд хамгаалах ажлыг хийх хэрэгтэй. Судалгаанаас харахад жилд дунджаар 10,20 сая мод хортон шавжны дайралтад өртөж үхэж байна.

Хоёрдугаарт Голын урсац бүрэлдэх эх хэсгийг хамгаалах асуудал. Усны нөөцийг хэрхэн ашиглах, гүний усны нөөцийг буцааж хэрхэн арвижуулах тал дээр шинэ технологи, шинэ шийдлүүд бий. Энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллана.

Гуравдугаарт хууль бус уул, уурхайтай тэмцэх асуудал. Энэхүү гурван асуудал бол гурвуулаа хоорондоо уялдаа холбоотой. Ийнхүү байгаль хамгаалах томоохон ажлууд хийхээр төлөвлөж, албан ёсны үйл ажиллагаа эхлэх гэж байгаа тул та бүхнийг идэвхитэй оролцохыг хүсье.

Түүний асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ