УИХ-ын /2022,4,13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Бид арга хэмжээ авах нь зөв, гэхдээ цаашдаа онцгой нөхцөл байдал үүсэхэд төсөврүү дайрдаг,хэдэн сар болоод төсвийн тодотгол хийж, нөөцийн асуудал ярьдаг. Энэ байдлаараа цаашдаа явах уу. Ер нь манайх онцгой нөхцөл байдал үүсэхэд эрх зүйн зохицуулалттай болох ёстой. Нийгэм, эдийн засгийн бүхий л цаг үед онцгой нөхцөл байдалд зохицуулсан ийм эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй.
Энэ эрх зүйн зохицуулалт дотор нөөцийн тухай асуудлыг тусгайлан авч үзэж, төсөвт хүрдэггүй байх ёстой. Онцгой нөхцөл байдал үүсэхэд ҮАБЗ, Засгийн газар хуралдаад нөөцөө хөдөлгөдөг, зардлыг нөөцөөсөө гаргадаг, энэ нөөцийг хүнд байдалд орсон үед гаргадаг. Бид нөөц нэмэгдүүлэх тухай яриад байдаг, харин бид нөөцөө ашиглах тухай ярих ёстой. Одоо бүрдүүлсэн нөөцөө хүндэрсэн үед л ашиглах гэж бүрдүүлсэн, ашиглах хэрэгтэй.
Нөөцөөсөө ашиглаад зэрэгцээд нөөцөө бүрдүүлээд явах хэрэгтэй. Цаашдаа хуульчилж өгөөд Онцгой нөхцөлд хэрэгжүүлдэг хууль эрх зүйн орчинтой болох ёстой. Жишээ нь гадаадын зах зээлд манай улсаас экспортын бүтээгдэхүүний үнэ огцом өсвөл зөрүү мөнгөөр нь нөөцөө бүрдүүлээд явж болох юм. Монгол улс хөдөлшгүй нөөцтэй болох ёстой, бас нөөцөө ашиглая. Энэ хуульд алт худалдан авалтыг урамшуулъя гэсэн заалт оржээ, маш сайн.
Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авахад нөөц бүрдүүлье гэсэн байна, үүнийг дэмжиж байна. Харин мах, гурилын үнэ яагаад өсөөд байна вэ, судлах хэрэгтэй. Шалтгааныг нь олох ёстой. Онцгой нөхцөл байдлын үеийн үнийн асуудалд Засгийн газар орох нь зөв. Ер нь зах зээлийн жамаараа яваад байвал, Засгийн газар үнэд оролцох шаардлага байхгүй, эдийн засгийн жамаараа явна.