https 208
2022.04.22
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: Нэг орон тоо хэмнэх гэж байгаад ачааллаа нэмэгдүүлэх эрсдэлтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Монгол Улсын Ерөнхий сайдаас оруулж ирж байгаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг дэмжиж байгаа.

Засгийн газраас өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулж, "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төслийг оруулж ирээгүй байна. Энэ зун төслийг эхлүүлэх юм бол 2024 он гэхэд эхний хөдөлгөөнөө хийх байсан. Хэрэв эл төслийг орхивол 2024 он гэхэд 0 зогсолт хийнэ. Цаг хугацааны хувьд хойш татах боломжгүй. Яагаад эл төслийг хассан бэ?

Хэмнэлтийн горимын хүрээнд Засгийн газрын агентлагуудыг дэд даргагүй болгоно гэжээ. Миний хувьд төрийн захиргааны байгууллагад 10 жил Тамгын газрын даргаар ажилласан. Агентлагууд яамдаас том шүү дээ. Маш олон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг учраас агентлагт дэд дарга байх ёстой. Зөвхөн сайдад ирдэг бичиг нь өдөрт 1000 хүрдэг. Нэг орон тоо хэмнэх гэсэн биш улам ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс хамаараад дэд дарга, орлогч байх үгүйг шийдвэл илүү зохимжтой гэж үзэж байна.

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ