2022.05.12
Эдийн засаг, Худалдаа
Э.Батшугар: Олон улсад эдийн засаг тогтворгүй байхад IPO гаргах нь эрсдэлтэй
УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Хуулийн төслийг дэмжиж байгаа. IPO хийж, капитал маркетаа хөгжүүлэх нь зөв. Харамсалтай нь цаг хугацаа нь тохиромжгүй байна. Яагаад гэвэл дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. 2022 оны нэгдүгээр улирлын дүнгээр олон улсад IPO 10 дахин багассан бөгөөд 500 сая доллараас дээш IPO хоёр л хийгдсэн байна.
Цаг үе амаргүй үед IPO хойшлуулж болдог. Гэхдээ хамгийн гол нь бид хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Банкууд нь зөв хөтөлбөр гаргаж, Засгийн газраас явуулж буй хөтөлбөрөө санхүүжүүлж явуулбал эдийн засгийн үр өгөөж нь 1.5 дахин их байх боломжтой.
Ковидын хуулиас болоод банкууд хугацаагүй хадгаламж болон харилцахаас хүү өгөхгүй байна. Хүүгийн зардал нь багассан учраас цэвэр ашиг нь өндөр харагдаад байгаа юм. Цэвэр ашиг өндөр байгаа учраас үнэлгээ нь өндөро гарч байгаа. Ковидын хууль цуцлагдаад банкууд хадгаламждаа хүү бодоод эхлэх юм бол цэвэр ашиг буурна. Тэгвэл өнөөдөр авсан хувьцааны үнэ дагаад буурах эрсдэлтэй. Тэгэхээр бүх талаас нь харах хэрэгтэй.
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.