МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газар тариалан эрхэлж буй иргэдэд дэмжлэг хэрэгтэй байна
2022.05.19
Орон нутгийн хөгжил

Газар тариалан эрхэлж буй иргэдэд дэмжлэг хэрэгтэй байна

Энэ удаа явсан сумдаар зуншлага тааруу, чийг муутай ч бороо л орчихвол цаг сайхан болчихоор байна. Бүрд, Баян-Өндөрийг бодвол Есөнзүйлд арай дээр газрын өнгө ногоон туяатай болчихжээ. Очсон сум бүрт орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудал гарч байлаа. 2020 оноос хойш төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй тул цалин хэзээ нэмэх бол гэсэн хүлээлттэй байна.

Миний хувьд цалин нэмэх, ангилал зэрэглэлийг шинэчлэх, сумдын төрийн захиргааныханд төрийн үйлчилгээнийхэнтэй адил орон нутагт ажилласны тэтгэмж олгодог байх зохицуулалтыг хийж өгөх шаардлагатай гэж үздэг юм. Сумын Тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын ажлын ачаалал их, тэдэнд дайчлагдахгүй ч ажил байдаггүй хэрнээ цалин багатай, орон сууц болон бусад төрлийн нийгмийн хангамж байдаггүй нь залуусыг орон нутагт ажиллах сонирхолгүй болгож байгааг хэлж байлаа.

Манай ахмадууд тэтгэвэр нэмсэнд талархалтай байгаа ч доод тэтгэврийг 500 мянгад хүргэж бусдыг 15 хувиар нэмсэн нь зөрүүг улам ихэсгэснийг эргэж харах ёстой гэдгийг хэлж байлаа.
Зуданд хэдэн малаа өгчихөөд бүгд хот суурин бараадаж байгаа нь ядуурлыг нэмэгдүүлж байгаа тул малчдыг малжуулахад анхаарч иргэдийг ажилтай, орлоготой болгох зөв бодлого хэрэгтэйг манай есөнзүйлийнхэн ярьсан. Мөн орон нутагт жижиг гэлгүй үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд дэмжлэг маш их хэрэгтэй байгааг нэг биш хүн хэлж, бодлогын хувьд ямар өөрчлөлт хийж болох талаар асууж байсан.

Есөнзүйлд газар тариалан эрхэлдэг хүн цөөн биш. Ялангуяа сүүлийн жилүүдэд малын ногоон тэжээл, хүнсний ногооны тариалалт нэмэгдэж байгаа ч тариалангийн аж ахуй эрхэлдэг иргэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн. Газар тариалангийн салбарт олгох хүү багатай хөнгөлөлтэй зээлийн 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн ч журмаар нь 10-аас дээш га талбайд тариалалт хийж байгаа нөхцөлд олгох шалгуур тавьсан нь тээг болж байгааг шүүмжилсэн. Энэ бол эргэж харах асуудлын нэг гэдэгтэй би санал нийлж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ