С.Одонтуяа: Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн нам УИХ-ын суудлын 80 хувийг эзэгнэж байгаа нь тогтолцооны гажуудал
2022.05.31
Улстөр

С.Одонтуяа: Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн нам УИХ-ын суудлын 80 хувийг эзэгнэж байгаа нь тогтолцооны гажуудал

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган завсарлах дөхөж байна. Энэ чуулганы хугацаанд таны хувьд ямар хуулийн төсөл санаачлан ажиллав. УИХ-аар батлагдсан голлох хуулийн төслүүд юу байв?

-УИХ-ын гишүүний үндсэн ажил бол хууль санаачлах, түүний хэрэгжилтийг хянах юм. Хаврын чуулганд Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулахад чиглэсэн хуулийг санаачлан өргөн барилаа. Мөн Тэтгэврийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гээд эдийн засгийн болон нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд шаардлагатай хуулиудад илүү анхаарч ажиллаж байна.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг их ярих боллоо. Магадгүй энэ парламент Үндсэн хуулиндаа дахин гар хүрэх хандлагатай болоод байна. Сөрөг хүчний болон гишүүнийхээ хувьд Үндсэн хуулиа ямар байдлаар өөрчлөөсэй, яг ямар зүйл заалт нэмээсэй гэсэн саналтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийж санал нэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоратор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа.

Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улстөрчийн шуугиулах сэдэв биш. Бид, УИХ гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой. Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал мөн.

Тухайлбал, УИХ-д сүүлийн зургаан жилд нэг нам хэт олонх болсноор төрийн хяналт суларч, олонхоороо түрий барьж, дур зоргоороо хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилт ч хангалтгүй болж байгаа нь ил тод болсон. Нөгөөтэйгүүр олон улсын нөхцөл байдал ч эрс хурдацтай өөрчлөгдөж байгаа нь Монгол Улсад парламентын ардчиллыг баталгаажуулах, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, хүчтэй сөрөг хүчнийг бий болгож, парламентад олон намын олон ургальч үзлийг уралдуулах нөхцөлийг яаралтай бүрдүүлэх нь амин чухал асуудал болж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог улс орны нэгдмэл эрх ашиг, улс төрийн намуудын сонирхолд нийцүүлээгүй тохиолдолд сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийг боловсруулж хэлэлцэхэд ямар ч үр дүн гарахгүй.

-Сонгуулийн тогтолцооны гажиг байна гэлээ. Улс төрийн намууд, иргэний нийгэм, олон нийтийн зүгээс сонгуулийн тогтолцоог холимог, эсвэл бүтэн пропорционал болго гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа. Гэхдээ пропорционал боллоо гээд асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн зүйл байхгүй гэдэг. Энэ тогтолцоонд ч гэсэн сул тал байдаг нь онолын хувьд нотлогдсон зүйл шүү дээ. Тэгэхээр манай улсад яг өнөөгийн байдалд ямар сонгуулийн тогтолцоо нь илүү зохимжтой юм бэ. Хэт олон намын төлөөлөл гарчихвал төрийн бодлого, засгийн газрын бүтэц, товчхондоо төрийн шийдвэр гаргах механизм доголдох эрсдэлтэй юм биш үү?

-Манай улс 1990 оноос хойш нийт найман сонгуулийн долоод нь мажоратор сонгуулийн систем ашиглалаа. Улсын хөгжлийн түвшин бол энэ сонгуулийн үр дүн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар дээр10 жил гацлаа, авлигын индекс буурсангүй. Залуучууд гадагшаа гарахыг хүсч байна. Уул уурхайгаас бусад салбар хөгжсөнгүй гээд бодоход өөрчлөлт хийхгүй бол цаашдаа ч үр дүн өөрчлөгдөхгүй гэдэг нь тодорхой.

Тодруулбал, өөрчлөхийн тулд биш, өөрчлөх шаардлагын улмаас энэ асуудлыг ярьж байна. Холимог систем ашигласан тохиолдолд улс орны хөгжлийн том төслүүд, бодлогын асуудлууд цэгцэрнэ. Ингээгүй тохиолдолд жижиг тойрог руу төсвөө чангааж, хөгжлийн төслүүдэд анхаарал хандуулахгүй. Мэдээж хэрэг жагсаалтын ард нуугдах муу нэртнүүд, илүү зардал гарах сул талууд гарна. Түүнийг багасгах арга механизм ч бий.

-Төсвийн хууль жил бүр л алдагдалтай батлагддаг. Ирэх жилийн төсвийн хууль ч хүндхэн сорилтуудтай тулгарах шинжтэй. Тухайлбал, гадаад өрүүдийн эхний төлөлтүүд хийгдэж эхлэхээр байгаа шүү дээ. Иймд цөөнхийн зүгээс, цаашлаад УИХ-ын зүгээс хэрхэн анхаарч ажиллахаар байна вэ?

-Өнгөрсөн 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жил 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ нь гадаад өрийн хавханд орсон гол шалтгаан. Цаашид үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавартай. Хэт олонх цөөнхийн дуу хоолойг огт сонсохгүй дураараа дургиж байгаа явдал нь гадаад өр өсөх үндсэн шалтгаан гэж харж байгаа.

-Гадаад өрөөсөө болоод улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралыг дампууруулсан улс цөөнгүй бий. Нөгөөтэйгүүр бүх төсвөө гадаад өрөө дарах руу чиглүүлбэл дотоод дахь нийгэм, эдийн засгийн амьдрал улам л хүндрэхээр байгаа шүү дээ. Тэр утгаараа төсвийн зарлагаа хэрхэн зөв зохицуулж болохоор байна вэ. Гадаад өрийг ямар арга схемээр зохистой барагдуулах нь зөв юм бэ?

-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жил агшжээ. Энэ оны эхний улирлын дүн ч нэн тааруу буюу хасах 3.8 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо зарлаад байна. Инфляци буюу үнийн өсөлт 15 хувь хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж мөргөлдөөн болж буй Шри-Ланкийн дараа орох үзүүлэлт юм. Эдийн засаг нь агшаад зогсохгүй өндөр инфляци дагалдаж хос сөрөг үзүүлэлт давхцах үзэгдлийг эдийн засагт стагфляци гэдэг.

Тэгвэл Монгол Улс стагфляцид нэрвэгдээд зогсохгүй өрийн хямрал нүүрлэжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд. 22 сая иргэнтэй Шри-ланкийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 80 тэрбум ам.доллар, гадаад өр 51 тэрбум ам.долларт хүрсэн бол 3.4 сая хүнтэй манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 13 тэрбум ам.доллар атлаа нийт өр 33 тэрбум ам.доллар давжээ. Энэ нь нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр Шри-Ланк улсаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.

Гадаад өрийг нэмэхгүй байх арга зам бол ердөө төсвөө алдагдалгүй батлах явдал юм. Тодруулбал, хойшлуулж болох хөрөнгө оруулалтыг царцааж, эдийн засагт нэмэр болох, татварын орлого нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Бусдаар бол өрийг өрөөр санхүүжүүлэх бол богино хугацааны шийдэл. Үүнд нэг их ухаан ч хэрэггүй. Ирэх жилүүдэд буюу 2025 оноос өрийн дарамт бодит утгаараа нэмэгдэнэ.

-Өнөөдөр Монгол Улсын дөнгөж төрсөн хүүхэд л 31 сая төгрөгийн өртэй байна гэж байгаа. Гадаад өр ингэж нэмэгдсэн шалтгааныг танай нам Засаг барьж байх үетэй холбож тайлбарлаад байдаг. Үнэхээр Ардчилсан нам засаг барьж байхдаа гадаадаас хэтийдсэн их хэмжээний өр зээл авчихсан юм уу. Зээл авах нь буруу биш ч эргэн төлөх асуудлаа анхаараагүй юу?

-Өнөөгийн эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөгтэй тэнцэж байна. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 100 хувиас давах хэмжээнд хүрчээ. Ийнхүү Монгол Улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдлээ.

Өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсныг анхааруулъя. Манай нам эрх барьж байх үед дэлхийн зах зээлд нүүрс 30 хүрэхгүй ам.доллар, зэс 5000 хүрэхгүй ам.долларт хүрч манай эдийн засаг хүнд байсан. Иймээс Чингис бондыг босгож 3200 км зам, 86 мянган орон сууц, гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэл, Амгалангийн дулаан, цахилгаан станц, 888 аж ахуйн нэгжид зээл олгож хямралыг хэн ч мэдэхгүй даван туулсан онцлогтой.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хоёр тулгуур багана болсон нүүрс 400 ам.доллар, зэс 9500 ам.доллар байгаа ч буруу бодлогын үр дүнд үнэ өсч, инфляци 15 хувьд хүрч ард иргэдийн амьдрал нэн хүнд байна. Нөхцөл байдал маш хүнд байсан үед засаглаж байсан Ардчилсан намыг шүүмжлэн зургаан жил өнгөрлөө. Яагаад өр нэмэгдэн, хил гааль гацаж, өндөр үнэтэй байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа өсгөж чадахгүй байгааг эрх баригчдаас асуух ёстой байх. Би болон манай бүлэг энэ талаар чуулган, байнгын хороо болгон дээр шүүмжилж бас шийдэл хэлсээр ирлээ.

-Ардын нам татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч гарч ирсэн. Гэтэл одоо татвар 40 хувиар өсчихсөн байна гэдэг. Нөгөө талдаа татварын орлогоор улсын төсөв бүрдэж байгаа шүү дээ. Ер нь төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэх ёстой юм бэ?

-Эрх баригчдын өргөн барьсан төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж ирлээ. Энэ жил уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон нь өмнөх оныхоос нэг их наядаар илүү байна. Хувь хүний орлогын татварын орлогыг энэ оныхоос 14.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 57.5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 22.7 хувь, Гаалийн албан татварын орлогыг 15.7 хувиар гэх мэтээр нэмэгдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдийн засгаа солонгоруулах биш, харин уул уурхайн хараат байдлаа улам бүр нэмэгдүүлж, ковидын хатуу хөл хорионд орлогогүй болсон аж ахуйн нэгж, иргэдээсээ илүү их хэмжээтэй татварын орлого авах замаар дундаж давхаргад нэн халтай шийдвэр гаргасан. Төсвийн орлогыг бодитоор төсөөлөхийн оронд хиймлээр өндөр өсгөж зардлаа нэмж буй аргыг сүүлийн жилүүдэд хэрэглэх боллоо. Тийм ч учраас энэ жилийн төсөв зургаан сарын хугацаанд хоёр удаа тодотгол хийлээ. Монгол Улсын түүхэнд хэзээ ч ийм түүхий төсөв баталж, хоёр сар тутам засаж залруулж байсангүй.

-Монгол Улсын ирээдүйн хөгжил хаашаа чиглэж байна вэ. Бид үнэхээр дараагийн Шри-Ланк, Венесуэл болох гээд байна уу?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн талаарх Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкуудын таамаглал буурсныг бид харсан. Нэг салбараас хэт хараат, нэг зах зээлд чиглэсэн эдийн засаг эмзэг байдаг. Гэхдээ уул уурхайгаас олсон орлогоор ажлын байр бий болгодог, татварын хүрээ, бааз нэмэгдүүлэх байдлыг дэмжилгүй халамж болгон тарааж, хөшөө, театр барьж ирсэн нь өнөөгийн гашуун үнэн. Цахилгаан станцаа барьсан уу, Дарханы замаа дуусгав уу, суурь үйлдвэрлэлийг дэмжсэн үү гээд ард иргэд асууж байгаа нь зөв.

-Улс, төрийн бодлого зөв явах, буруу гарсан шийдвэрийг засч залруулах, хариуцлага нэхэх үүрэг сөрөг хүчинд бий. Энэ үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чадаж байгаа гэж бодож байна уу. Эсвэл эрх баригчдын зөв, буруу шийдвэрийн хажуугаар чимээгүй сууж байгаад ирэх сонгуулиар нэг мөр хариуцлага нэхье гэсэн хандлагатай байна уу?

-Улстөрч хүн сонгууль бодож ажиллах уу, улс орноо бодож ажиллах уу гэж асууя. Эдийн засаг тааруу, улсын өр дарамт болсон ийм хэцүү үед дуугүй сууж, ирэх сонгуулиар хариуцлага ярина гэвэл тун хариуцлагагүй явдал болно. Ийм учраас чуулган, байнгын хороо, ажлын хэсэг, хэлэлцүүлэг гээд бүхий л хэлбэрт судалгаа шинжилгээ, бусад орны туршлага, тулгамдаж буй асуудлын шийдлийг хэлж байгаа. Гагцхүү эрх баригчид сөрөг хүчний гэдэг байдлаар хүлээн авалгүй ажлаа сайжруулах бүтээлч шүүмжлэл гэж харвал хэрэгтэй л дээ.

-Нэг хэсэг танай нам дотроо хоёр хуваагдаж хэрэлддэг, талцдаг байсан бол одоо нийгмийг хамруулж гадаа гарч жагсаж, иргэд олон нийтийг хоёр талцуулан тэмцэж байна. Ардчилсан намын хагарал бага багаар хурцадсаар байгаад сүүлдээ нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал руу хөтлөөд байгаа юм биш үү. Та намынхаа эмэгтэй лидерийн хувьд, УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг аль өнцгөөс нь тайлбарлах вэ?

-Манай намын хувьд үнхээр хүнд байдалд орсон. Миний хувьд талуудыг зөвшилцүүлэх эвлэрүүлэх, нэгдүүлэх асуудлаар өнгөрсөн хоёр жил нэлээд их ажиллалаа. Харамсалтай нь бодитой үр дүнд хүрээгүй л байна. Гэхдээ Ардчилсан нам сонгуульд орох нь үнэн. Орохдоо ямар ч байсан нэгдэж нягтарч орно гэдэгт би итгэж байгаа.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг ямар ч байсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай эхлүүлж, сонгуулийн тогтолцоог өөрчлүүлье гэж зорьж, бүх цаг заваа зориулан ажиллаж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр улс төр, эдийн засаг, нийгмийн хямралаас гарч чадахгүй. Олон улсын нөхцөл байдал эгзэгтэй болж байна. Энэ бол зөвхөн нэг намын асуудал биш Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал болж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр дэд даргын хувьд хичээнгүйлэн ажиллаж байна.

Мөн Улс төрийн намын тухай хууль дээр ажиллаж байна. Улс төрийн намын хуулийн төсөл нь өнгөц, косметик засвар орсон төдий харагдаж байна. Угтаа уг хуулийг сууриар нь өөрчилж, томоохон реформын чанартай өөрчлөлтүүдийг хийж байж нийгмийн шинэчлэлийг хийж чадна. Одоо бол улс төрийн нам төлөвшилгүй, нэг компани шиг, аж ахуйн нэгж шиг ажиллаж, маш том мөнгөний мангас болчихоод байна. Улс орны хөгжлийг үзэл баримтлалаараа түүчээлэх ёстой байтал хойш нь татдаг болсон.

Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг жижиг засвар төдийхнөөр биш, сууриар нь шинэчилж шинэ зуунд таарсан хууль болгохын төлөө ажиллаж байна. Намынхаа залуучууд, эмэгтэйчүүд, туршлагатай улстөрчдийг байнга урьж хэлэлцүүлэг, брайн сторм хийж, тэдний үзэл бодлыг сонсож байна. Нөгөөтэйгүүр Улс төрийн намын тухай хууль олон жил эрх барьсан МАН-д ашигтай батлагдаж болохгүй. Ялангуяа ардчиллын төлөө том, жижиг намуудын эрх ашгийг хамгаалсан хууль болох ёстой. Энэ хуулийг сайн хууль болгож чадвал миний Ардчилсан намдаа оруулж буй нэг хувь нэмэр юм.

Энхтөрийн Мөнхтүвшин

ШИНЭ МЭДЭЭ