2022.05.31
Хууль, эрх зүй
Д.Өнөрболор: Фермерүүдийг хөгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх вэ
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг дэмжиж байгаа. Хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, ялангуяа дотооддоо гол нэрийн бүтээгдэхүүнээр хангах, импортыг орлох, экспортыг дэмжих, дэд бүтцийн төрөөс авах арга хэмжээний хэрэгжүүлэх төлөвлөгөө, зохион байгуулалт маш чухал асуудал.
Үйлдвэржилтийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч өнгөрсөн амралтын өдрүүдэд сүүний аж ахуй эрхлэгч иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж санал, бодлоо солилцоод ирлээ. Тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байна. Фермер болж хөгжихөд бүтэц зохион байгуулалтын болон санхүүжилтийн эх үүсвэр, төрөөс үзүүлэх дэмжлэг дутмаг байгаа нь харагдсан. Сүүний гарц сайтай үйлдвэрийн үхрийг импортлох, түүнтэй холбоотой татварын хөнгөлөлт, чөлөөлөлт мөн чухал байна. Хамгийн гол асуудал нь тэжээл. Үүнийг дагаад газрын асуудал үүсдэг. Эдгээрийг шийдвэрлэхэд бодлогын баримт бичигт туссан хэрнээ хэрэгжилт байхгүй нь бодит байдал дээр харагдсан.
Сэлэнгэ аймаг Монгол улсын 3,3 сая иргэдийн хүнсний хэрэглээг 60 хувь хангадагийн хувьд онцгой бүс гэж авч үзэх шаардлагатай. Энэ аймгийн 16 сумыг газар тариалангийн бүс болгож зарласан. Ингэснээр газар тариалантай эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх бодлогыг тусгайлах шаардлага байна. Энэ талаар ямар зохион байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг аудитын байгууллагын тайлангаас харсан. Хэрэгжилт тал дээр илүү судалгаатай, асуудалд бодитой хандсан байх шаардлагатай.
Мөн хүнсний хангамж дээр лабораторийн болон ложистик тээврийн дэд бүтэц нэн тэргүүний асуудал болж байна. Энэ тогтоолоор хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэрхэн эрэмбэлж, төлөвлөсөн бэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.