МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.03
Хууль, эрх зүй

Д.Өнөрболор: Төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн зарчмуудыг хангасан анхдагч сонгодог хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлж чадах уу

УИХ-ын чуулганы \2022.06.03\-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

Миний ойлгож байгаагаар төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал Эдийн засгийн хөгжлийн яамны эрхлэх асуудал байх ёстой. Засгийн газрын хуулиараа ч ийм зохицуулалттай байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас нэг ч хүн өнөөдрийн хуралд оролцоогүй нь ойлгомжгүй байна. Энэ хууль батлагдсанаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Ковидын улмаас үүссэн саад бэрхшээлийг арилгах гол хөшүүрэг болох ёстой. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах хөдөлгөгч хүч болох ёстой. Өнөөгийн эмзэг байгаа төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бодитоор эдийн засгийг эрчимжүүлэх хууль эрх зүйн шинэ орчныг бий болгох талаас нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид өндөр хүлээлттэй байгаа гэдгийг цохон тэмдэглэж хэлмээр байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын даргын захирамжаар миний бие энэ хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан, мөн баялаг бүтээгч байж энэ зах зээл дээр туршлага хуримтлуулсан хүний хувиар ач холбогдол өгч ажилласан. Ажлын хэсгээс олон чухал судалгаануудыг хийсэн. Эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж санал, бодлоо солилцсон. Олон улсын байгууллага, экспертүүдтэй ярилцсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын туршлагуудтай танилцсан. Ингэснээр бид 8 бүлэг 43 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулаад байгаа. Нөгөө талдаа Засгийн газар, ялангуяа Сангийн яам идэвх зүтгэлтэй ажилласан гэдгийг хэлье.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн зарчмуудыг хангасан анхдагч сонгодог хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлж чадах уу. Хэрэв бүрдүүлж чадлаа гэж үзвэл бид Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хүч болгох боломжтой. Үгүй бол өнгөлөн засаж сайжруулсан концессын хууль болж үлдэнэ.

Энэ агуулгаараа төр хувийн хэвшлийн түншлэл хөгжих хууль эрх зүйн орчинг миний бие дэмжиж байгаа боловч Засгийн газрын өргөн барьсан төслийн хувилбараар дэмжихгүй байгаа юм. Яагаад гэхээр төр төвтэй, төрийн эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн төсөл болчихоод байгаад асуудал байна.

ШИНЭ МЭДЭЭ