МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол, Эмиратын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын анхдугаар цахим уулзалт боллоо
2022.07.04
Гадаад харилцаа

Монгол, Эмиратын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын анхдугаар цахим уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Арабын Нэгдсэн Эмиратын парламентын бүлэг, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Холбооны Үндэсний Зөвлөл дэх Эмират-Монголын парламентын бүлэг хоорондын анхдугаар цахим уулзалт өнөөдөр (2022.06.30) боллоо.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Арабын Нэгдсэн Эмиратын парламентын бүлгийн дарга С.Бямбацогт, тус бүлгийн дэд дарга Т.Аубакир, бүлгийн гишүүн П.Анужин, Ц.Сэргэлэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар нар оролцсон бол АНЭУ-ын талаас Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Зөвлөл дэх Эмират-Монголын парламентын бүлгийн дарга Обейд Алгол Аль-Салами, Холбооны Үндэсний Зөвлөл дэх Азийг хариуцсан парламентын бүлгийн дэд дарга Аиша Ал Мүлла болон албаны бусад хүмүүс байлцав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Арабын Нэгдсэн Эмиратын парламентын бүлгийн дарга С.Бямбацогт Монгол-Эмиратын парламентын найрамдлын бүлгүүдийн анхдугаар цахим уулзалт болж байгаад баяртай буйгаа илэрхийлээд Холбооны Үндэсний Зөвлөлийн гишүүдийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив. Тэрбээр, өнгөрсөн жил Арабын Нэгдсэн Эмират Улсын Үндэсний баярын 50 жилийн ой болон Монгол-Эмиратын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосон цаг үед Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улсад Элчин сайдын яамаа нээснийг онцлоод Монгол Улс АНЭУ-тай явуулж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч, бүхий л салбарын харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэх сонирхолтой байдгийг тэмдэглэсэн юм.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Зөвлөл дэх Эмират-Монголын парламентын бүлгийн дарга Обейд Алгол Аль-Салами хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хоёр улс давхар татварын хэлэлцээртэй байх нь чухал ач холбогдолтойг онцлов. Мөн хоёр улс олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжиж ирсэн уламжлалт харилцааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Уулзалтаар талууд Монгол, Эмиратын худалдааны эргэлтийг нэмэх, эдийн засаг, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, агаарын тээвэр, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Эдгээр чиглэлд парламент, түүний дотор хоёр талын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, цаашид парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааны боломж нөөцийг ашиглаж, үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлсэн.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Арабын Нэгдсэн Эмиратын парламентын бүлгийн дарга С.Бямбацогт цаашид хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт өргөжүүлэх нөөц боломжтойг дурдаад 2016 онд Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг АНЭУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурал, Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний зөвлөлийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан нь хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тавьсан. Энэхүү санамж бичгийн хүрээний яриа, хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад парламентуудын найрамдлын бүлгийн үүрэг оролцоо чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ.

ШИНЭ МЭДЭЭ