МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд оролцлоо
2022.07.05
Хууль, эрх зүй

УИХ-ын гишүүн С.Чинзориг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд оролцлоо

Шинэчлэн батлагдаж энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 т ”Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэсэн нь Үндсэн хууль зөрсөн хэмээн нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Энэ асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулан тэрээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцлоо.

Хүний хөдөлмөрлөх чадвар, чадамж хязгаартай. Ажилтны хөдөлмөрийн хугацаанд цаг хугацааны босго тогтоох нь нэг талаас ажилтан тогтоосон цагт үр бүтээлтэй хөдөлмөрлөх, нөгөө талаас амрах,  эрүүл мэндээ хамгаалах, гэр бүлтэйгээ хамт байх,  үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх зэрэг нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, чөлөөт цагтай байх эрэлт хэрэгцээгээр тодорхойлогддог.

Хөдөлмөрийн чадвартай үед нь ажил, амралтын цагийн зохистой хэм хэмжээг мөрдөөгүй, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан нь ажилтны дундаж наслалтад шууд нөлөөлдөг. Үргэлжилсэн олон өдрийн ажлын цагийн ачааллаас ядрах, анхаарал болгоомж алдах, улмаар үйлдвэрлэлийн осол, гэмтэл,  мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон судалгааны үр дүн харуулдаг.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан төрөөс ажилтнуудын ажлын цагийн дээд хязгаарыг тогтоох, ингэхдээ ажил амралтын зохистой зөв харьцааг баримтлах үүднээс хуульд энэхүү зохицуулалтыг оруулж өгсөн зэрэг тайлбарыг Цэцийн хуралдаанд хийсэн. 

Хуралдаанаас нэр бүхий иргэдийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн үндэслэл, шаардлагын хүрээнд үүсгэсэн дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзахаар шийдвэрлэж магадлал гаргахаар болсон.

Цэцэд хандсан иргэдийн тавьж буй Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтын улмаас уртын ээлжээр ажиллаж байгаа иргэд 14 хоног ажиллахдаа илүү цагийн хөлс авах боломжгүй болж байна гэснийг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлага байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ