МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.05

Ц.Сэргэлэн: Төрийн албанд нэг өдөр ажиллаж байгаагүй хүн удирдах албан тушаалд ажилладаг тогтолцоо, гажуудал бий болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Монгол улсын төрийн албанд ажиллаж байгаа олон мянган төрийн албан хаагчид эдгээр хүмүүсийн сонгогдох эрх зөрчигдөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл Улсын их хуралд төрийн албан хаагч сонгуульд оролцъё гэвэл тухайн сонгуулийн жил эхлэхээс 6 сарын өмнө ажлаа өгдөг хуультай. Төрийн албан хаагчдын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг хязгаарлаад байна. Олон мянган төрийн албан хаагчид дотор мэргэжлийн топ хуульчид, насаараа прокурорын байгууллагад ажилласан сайн хуульч, шүүх, цагдаа бусад хууль хяналтын байгууллагад ажилласан практик мэдлэг сайтай, чадварлаг хуульчид Улсын их хурлын танхимд орж ирэх нөхцлийг хуулиар хаагаад байгаа юм. Үүнийг судлаад үзвэл Үндсэн хууль зөрчиж байж мэдэхээр асуудал. Үүнийг цаашдаа нээх хэрэгтэй.

Төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байгаагүй хүн удирдах албан тушаалд ажилладаг тогтолцоо, гажуудал бий болчихсон. Энэ зүйлийг халах хэрэгтэй. Яаж халах вэ гэхээр хуулиар, ялангуяа төрийн албаны тухай хуулиар хааж өгөх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ