Ойн нөөцийг нэмэгдүүлж, ойн агентлагтай болно
2022.08.12

Ойн нөөцийг нэмэгдүүлж, ойн агентлагтай болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ салбарын ажиллагааг эрчимжүүлж иргэн, аж ахуй нэгжүүд мод тарьж нэгдэж байгаа билээ. 

Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж, шинээр 20 мянган га-д тариалалт хийхээр, Өвөрхангай аймаг энэ онд 520 мянган мод тарихаар, Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд ирэх 10 жилд 20 сая мод тарьж ургуулах зорилт тавиад байна.

Энэ дагуу 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвас байгуулах юм. Иргэд тухайлан заасан байршилд зүлэг, мод тарьж ургуулсан тохиолдолд 1м2 талбайд 5,000 төгрөгийн урамшуулал олгоно. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд шинээр эзэмшсэн болон бусдаас шилжүүлж авсан газрынхаа 10 хувьтай тэнцэх талбайг ногоон байгууламжтай болгохоор болсон.

Монгол Улсын засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуй нэгжид мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тусгасан.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир

Манай улсын ой бол эмзэг асуудал. Ойг нөхөн сэргээх ажлыг ойг огтолдог компани хийж гүйцэтгэдэг. Мэргэжлийн хувьд огтолдог компани болохоос суулгац хийдэг компани биш. Нэг га талбайд 699 мянган төгрөгөөр тооцож нөхөн сэргээлт хийдэг байсан бол одоо нэг га-д 1 сая 200 мянган төгрөгөөр нөхөн сэргээлт хийхээр болсон. Нэг га-д ногдох мөнгөөр тухайн орон нутгийн ойн үржүүлгийн мэргэжлийн компани нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх боломж, бололцоог нь олгох хэрэгтэй. Чиг үүргийн хувьд огтолдог, тайрдаг компани нөхөн сэргээлт хийхэд үр дүнгүй байгаа юм. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр чухал заалтууд орж ирсэн. Үүнийг дэмжиж байгаа юм. Монгол улс бусад улс орныг бодоход ой бага, ойн бүс нутаг багатай. “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа энэ үед уг хууль маш чухал.

ШИНЭ МЭДЭЭ