“Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-ыг амжилттай зохион байгууллаа
2022.09.08
Улстөр

“Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-ыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Монгол Улсад орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-ыг өнөөдөр /2022.09.07/ Төрийн ордонд зохион байгууллаа.

“Оролцъё, төлөөлье” уриатай зохион байгуулсан энэхүү чуулганд 1992 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан болон өдгөө Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “КОЙКА" олон улсын байгууллага, улстөрийн намуудын удирдлагын болон намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид, “Манлайллын сүлжээ ТББ, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.

Эмэгтэй парламентчдын энэ удаагийн чуулганыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн юм.

Тэрбээр, байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн түүхэнд 8 удаа Улсын Их Хурлын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ элч болон ажиллажээ. Эмэгтэй гишүүд нийгмийн хүч сул бүлгүүдийн дуу хоолой болохын зэрэгцээ гэр бүлийн, хөдөлмөрийн, боловсролын, эрүүл мэндийн гээд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт давамгайлдаг, амин чухал салбаруудын хуулиудад илүү идэвх санаачилгатай ажиллаж ирсэн гэдгийг онцоллоо.

Энэхүү 30 жилийн хугацаанд анх нийт Улсын Их Хурлын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгджээ. Гэхдээ дэлхийн улс орнуудын дундажтай харьцуулахад хангалттай үзүүлэлт биш юм гэлээ.

Улсын Их Хурлын дарга, парламентад эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлснээр тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй нийт эмэгтэйчүүд, түүний дотор залуу үеийнхэн улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, аливаа бодлогын шийдвэрийг жендэрийн баримжаатай гаргах зэрэг олон эерэг үр дагавартайг онцлон тэмдэглээд, цаашид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэхэд илүү ахиц гаргахын тулд сонгуулийн хуульд квот тогтоох төдийгөөр бус сонгуулийн тогтолцооны нөлөөллийг харгалзах, улс төрийн намын санхүүжилт, ил тод байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Асуудлын шийдлийг олж хэрэгжүүлэх, нийгмийн хэвшмэл ойлголтыг зөв чиглүүлэх, хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо нэн чухал бөгөөд өнөөдрийн чуулган бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гээд D-Parliament талбараар дамжуулан цахим хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан парламентынхаа үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Монголын төр, улс төрийн намууд жендэрийн тэгш байдлыг хангах, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө гэдэг ч бодит хэрэгжилтийг харвал дээрх тоо хангалтгүй байгаа юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэдэг нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудал. Учир нь эмэгтэй хүний уян, нөхцөл байдлыг эерүүлэх чадвар, үзэл баримтлалынхаа төлөө тууштай байх тэмүүлэл, тэсвэр тэвчээр, няцашгүй зүтгэл, аливаа асуудлыг зөрчил, маргаанд хүргэлгүйгээр эв эеэр зохицуулах, том асуудалд нуугдсан жижиг зөрчлийг олж харах, шийдлийг олох чадвар гээд өөрт нь заяагдсан төрөлх зан чанар парламентын шийдвэр, төлөвшилд чухал нөлөөтэй байдаг.

Эмэгтэйчүүд нийгмийнхээ шууд тусгал болж иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг хүмүүнлэгийн асуудалд мэдрэмтгий, эмзэг байж оролцоо санаачилгатай ажиллаж чаддаг. Өнөөдөр монголын нийгмийн өвчтэй цэг нь яалт ч үгүй ядуурал, хүмүүнлэгийн асуудал, гачигдал дутагдал байна.

Тийм учраас нийгмийн асуудлуудыг хэлэлцэн, тодорхой санал санаачилга гаргахаар, та бүхний үнэтэй сэтгэгдэл, бодлыг хуваалцахаар энд хуран цуглаад байна гэлээ.

“Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-ын нээлтийн үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэхдээ, нийгэм, улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж, нийгмийн амьдралын өөрчлөлтийг дагаж төр, нийгмийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь зөвхөн хүний эрхийн төдийгүй салбар бүрийн хөгжилд хамаатай асуудал болж байна.

Монголчууд 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа хүний эрх, эрх чөлөөг цогц утгаар нь анх удаа хуульчилж, иргэдийн ардчилсан эрх чөлөөг тунхаглан баталгаажуулж байсан бөгөөд эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн хуульчилсан нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан шийдвэр байлаа хэмээн онцолсон.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Зөвхөн манай улс ч гэлтгүй дэлхийн олон улс орнууд тэгш байдал, жендэрийн асуудалд анхаарч байна. Мянганы хөгжлийн зорилтуудад “Хүйсийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” зорилго дэвшүүлсэн бол “Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” уриан дор нэгдсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудад энэ зорилтыг хадгалж “Тэгш бус байдлыг багасгах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” зорилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгааг дурдаад, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зорилтын хүрээнд улс төрийн намууд идэвх гарган ажиллах, түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх асуудлыг сайтар тусгаж өгөх нь зүйтэй юм хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Улс төрийн оролцооны үзүүлэлтийн хувьд 153 орноос манай улс 120 дугаар байранд байна. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо 25-аас доош хувийн квоттой таван улсын нэг нь манайх байна. Харин дэлхийн 100 гаруй улс 30-50 хувийн квот хэрэглэж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхэд эмэгтэйчүүдийн улс төр дэх төлөөлөл болон ажиллах хүчний оролцооны түвшинд дэвшил гаргах шаардлагатайг Жендэрийн үндэсний хорооноос гаргасан хуулийн хэрэгжилтийн үнэлгээний дүн харуулжээ.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын 76 гишүүний 13 нь эмэгтэй байна. Энэ нь нийт гишүүдийн 17,1 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтээр бид дэлхийн 190 гаруй орноос 133 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Одоогийн байдлаар Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах зорилгоор хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж байна.

13 эмэгтэй гишүүн нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудалд анхаарал хандуулан идэвхтэй ажиллаж байгаа. Бид Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль зэрэг олон хуулийн төсөл санаачлан ажиллаж байна. Хамгийн сүүлд “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн бариад байна гэлээ.

Мөн тэрбээр, эмэгтэйчүүд болон жендэртэй холбоотой төрийн бүтэц боловсронгуй болоогүй байна. Энэ асуудал төрийн бус байгууллагад бүхэлдээ шилжсэн гэж үзэж болно. Эмэгтэйчүүдийн асуудлаарх төрийн ганц том бүтэц нь Жендэрийн үндэсний хороо юм. Тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг гээд УИХ-ын нийт эмэгтэй гишүүд тус хорооны Бодлогын зөвлөлийн гишүүд болсоныг дурдсан юм.

АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Д.Мөнхөө, энэ удаагийн чуулганаар монголын эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан яамгүй сайд юмуу, төр олон нийтийн статустай Монгол эмэгтэйчүүдийн хороог дахин байгуулах асуудлыг хөндөөсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг төрийн болон гэрийн хэрэгт шийдвэр гаргах түвшинд тэгш оролцуулахын чухлыг дурдаад, эрэгтэйчүүд онолыг гол болгон алс хэтийг харсан бодлого явуулдаг бол эмэгтэйчүүд харилцааг эрхэмлэж, одоо байгаа нөхцөл байдлыг үнэлж прагматик шийдвэр гаргадаг учир энэ хоёр хамтарч байж аливаа төрийн бодлого, шийдвэр амьдралд зохицож явдгийг шинжлэх ухаан баталсан гэлээ.

Хатагтай Д.Мөнхөө, өнөөдөр монголын төр гэр бүлийн боловсрол, гэр бүлийн хамтын амьдралыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх цаг болсныг онцолсон. Ингэхгүйгээр улс орны хөгжлийн талаар ярих аргагүй гээд энэ асуудлаар өнөөдрийн чуулганаас чухал шийдвэр гараасай хэмээн хүсэж байгаагаа дуулгасан юм.

Эцэст нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нээлтийн ажиллагаанд үг хэлсэн.

Хатагтай Илейн Конкиевич, Парламентад эмэгтэйчүүдийн тэгш төлөөллийг хангах тухай дэлхий даяар эрчимтэй яригдаад 30 жил болж байгаа билээ.

Монгол Улс 1951 оноос хойш Ардын Их Хурлыг бүх ард түмнээс анх удаа сонгоход нийт 295 төлөөлөгчийн 59 нь буюу 20 хувь нь эмэгтэй байсан бол хожим 1990 оны Ардын Их Хурлын төлөөлөгчид эмэгтэйчүүдийн эзлэх хувь 24.9 хувь болж өссөн нь бүхэл бүтэн 39 жилийн туршид 4.9-хөн хувиар өссөн дүн юм.

Гэтэл 1990 онд чөлөөт, ардчилсан тогтолцоонд шилжсэнээр АИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2.1 хувь болж огцом буурчээ. Мөн 1992 онд шинэ Үндсэн хуулийн дагуу УИХ-ыг бүх ард түмнээс сонгоход ердөө 3.9 хувь нь эмэгтэй байсан.

Харин өнөөдөр УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо 13 байгаа нь дөнгөж 17.1 хувийг бүрдүүлж байна. Гэвч энэхүү үзүүлэлт нь тодорхой хэмжээнд өсөж байгаа мэт боловч, энэ нь дэлхийн дунджаас 9.3 хувь, Азийн бүсийн дунджаас 4.1 хувиар бага төдийгүй хүйсийн тэгш төлөөлөлтэй харьцуулахад даруй 32.9 хувиар бага байгааг анхаарах ёстой юм гэлээ.

Мөн нэр дэвшигчийн квот нь дангаараа УИХ дахь жендэрийн тэгш байдлыг хангахад 100 хувь баталгаа болохгүй боловч хууль эрх зүйн орчныг ээлтэй болгох, хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад чиглэсэн дэлхий дахинд зөвшөөрөгдсөн арга хэмжээг, Монгол Улс авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна хэмээсэн.

Нээлтийн арга хэмжээний дараа оролцогчид дурсгалын зураг авхуулсан бөгөөд чуулган “Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

“Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт, сайн туршлага” /Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн эрх зүйн орчин/ сэдвээр Хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан илтгэл тавьсан.

Доктор О.Мөнхсайхан илтгэлдээ, Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаа ба бодит байдал, Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, түүний амжилт ба сорилтын талаар хөндсөн. Мөн улс төрийн санхүүжилтийн зохицуулалтын сайн туршлагын талаар танилцуулж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Дараа нь Боловсрол судлалын ухааны доктор, профессор, “Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан” үндэсний сүлжээний тэргүүн Ц.Бүжидмаа “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” сэдвээр илтгэл танилцуулсан.

Тэрбээр илтгэлдээ, Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны өнөөгийн байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны олон улсын туршлагын талаар танилцуулж, сайн туршлагыг хэрэгжүүлэх боломжийн талаар хөндсөн юм.

Илтгэлтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Мөн энэ удаагийн чуулганаас гаргахаар төлөвлөсөн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангах тухай” хамтарсан тунхаг бичгийн төсөлтэй холбогдуулан оролцогчид саналаа нэгтгэн ярилцсан бөгөөд чуулганы үеэр гарсан саналуудыг нэгтгэн тунхаг бичгийг батлахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ