
Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Хироюки Миязава, гишүүн асан Хироши Уэно тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Хироюки Миязава хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эдийн засаг, нийгмийн харилцааг улам гүнзгийрүүлэх боломж өргөн байгааг хэлэв.
Хотын дарга “Хоёр улсын харилцаанд чухал он тохиож буй. Энэ хүрээнд Япон улсын Токушүкай медикал группийн ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид зочилсон бөгөөд Монгол Улсад Зүрх судасны мэс заслын төв хандивлан байгуулахаар болсон. Түүнчлэн Улаанбаатар хотын төв талбайд Монгол, Япон хамтарсан “Сүүн зам” бүжгийн наадамд 500 гаруй уран бүтээлчдийг оролцуулж, өргөн дэлгэр зохион байгуулсан. Өдгөө хоёр орны хамтдаа бүтээлцсэн өнгөрсөн хагас зууны түүхэнд Улаанбаатар хотод Япон улсын ард түмний сэтгэл шингэсэн томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн. Монголын ард түмэн үүнд ихэд талархалтай байдаг” хэмээн хэллээ.
Нэн ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Хөшгийн хөндий дэх Шинэ нисэх онгоцны буудлаар дамжуулан цаашид хоёр улс иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлж, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.