Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүлэв
2023.09.19
Барилга, Хот байгуулалт

Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой ирэх аравдугаар сарын 29-нд тохионо. Түүхт ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Уг уламжлалын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч нар хийгээд Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд тус хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордонг байгуулсан түүхтэй. Тус ордонг одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд Гэрэлт хөшөө босгосон бөгөөд жил бүрийн намар ийнхүү хүндэтгэл үзүүлдэг билээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Тэртээх 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сум буюу Монгол Улсын төв цэгийн ойролцоо орших Ширээт цагаан нуурын хөвөөнд Улаанбаатар хотын анхны шавыг тавьж, хотын маань үүх түүх эхэлсэн гэж үздэг.

Энэ цагаас хойш Улаанбаатар хот 384 жилийн ойн хугацаанд 28 удаа бууриа сэлгэн 1778 онд дөрвөн уулын дунд, хатан Туулын хөвөөнөө төвхнөн өнөөдрийг хүрсэн түүхтэй. Ийнхүү нүүдэлчдийн өлгий нутаг, нүүдэлчдийн нийслэл болох Улаанбаатар хот 1.6 сая хүн амтай хот болтлоо өргөжин тэлж, нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор болж, улс, үндэстний нүүр царай болон хөгжин цэцэглэж байна. Бид уламжлал, шинэчлэлийг хослуулсан бодлого баримтлан хөгжиж байгаагийнхаа хувьд Улаанбаатар хотын анхны буурь, туурь болох Ширээт цагаан нуураа хүндэтгэн сүсэглэж, энэхүү зан үйлийг жил бүр үйлддэг уламжлалтай.

Мөн хотын нийгэм, эдийн засаг, эрх зүйн асуудлуудад УИХ, Засгийн газрын түвшинд ойлголтоо нэгтгэн, эв нэгдэл, зохион байгуулалтайгаар хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэл хотынхоо ойн баяраар хотын хөгжилд тушаа болсон хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” хэмээв.

Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Доржсүрэн “Өвөрхангай аймгийн Бүрд сум Улаанбаатар хоттой хүйн холбоотой. Тухайлбал, Хархорум хот тэртээ XIII зуунд улсын нийслэл болж байсан түүхтэй. Мөн ирээдүйд шинэ Хархорин хотыг бүтээн байгуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу захиргааны байгууллага байгуулагдаж, газар нутгийг тодорхой хэмжээгээр улсын тусгай хэрэгцээнд авах ажил өрнөж буй.

Цаашид зам харгуй барих, дэд бүтцийг хөгжүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж буйд нутгийн иргэд маань талархаж байна. Нөгөөтээгүүр нийслэлийн удирдлагууд жил бүр нийслэлийн анхны шав тавьсан газраа ирж, хүндэтгэл үзүүлдэгт нь Өвөрхангай аймаг, тэр дундаа Бүрд сумын иргэд маань таатай хандаж, хүндэтгэн хүлээн авдаг” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ