МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"И-Монгол академи" УТҮГ-ын удирдлагуудтай уулзлаа
2022.09.15

"И-Монгол академи" УТҮГ-ын удирдлагуудтай уулзлаа

”И-Монгол академи” нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгуулагдсан.

Тус байгууллага нь E-mongolia цахим системийн хариуцан ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Нийт 14,482,391 иргэн үйлчилгээ авснаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, вакцины гэрчилгээ, жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, иргэний үнэмлэх дахин авах, гадаад паспорт дахин авах зэрэг үйлчилгээнүүдийг хамгийн их авсан байна. Мөн төрийн өмчийн сургуулийн 1-р ангийн бүртгэл, нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт зэргийг тус системд шинээр нэвтрүүлсэн.

Тус уулзалтад "И-Монгол академи" УТҮГ -ын Захирал Л.Энхбат, Хөгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Мягмарсүрэн, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Ундрал, Цахим ур чадвар сургалтын албаны дарга Э.Оюунгоо нар оролцлоо.

Монгол Улс “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болох зорилгыг бүрэн хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагаа авлига, хүнд сурталгүй болж, төрийн үйлчилгээ иргэндээ нээлттэй, ил тод, шуурхай хүргэж цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг болгох юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэх нэг хэсэг E-mongolia цахим систем юм.

Уулзалтын үеэр тус байгууллагын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгч төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийн талаарх мэдээллийг тухай бүр мэдэгдэхийг үүрэг болголоо.

  • 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, бүх нийтээр тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах;
  • Цахим үндэстэн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл бололцоогоор хангах, иргэдийн цахим ур чадварын дээшлүүлэх сургалт, хөтөлбөр, үйл ажиллагаануудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх;
  • Тусгай хэрэгцээт иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай хүргэх хялбар шийдлүүдийг бий болгох;
  • Мэдээлэл технологийн салбарт төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах;
  • Гадаад улс орны сайн туршлагуудын талаар судалгаа хийж өөрсдийн улс оронд нутагшуулан нэвтрүүлэх;
  • Цахим шилжилттэй холбоотой үүсэж болох кибер халдлага, терроризм санхүүжилт, мөнгө угаалт гэх мэт эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, хамгаалах.

ШИНЭ МЭДЭЭ