Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслүүдийг Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар хэлэлцсэн юм. Тус хуралдаанаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дэвшүүлсэн санал, өгсөн чиглэлийн дагуу ирэх онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг төсвийн төсөлд тусган өнөөдрийн хуралдаанд дахин танилцуулж хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна.