МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.10.05
Эдийн засаг, Худалдаа

"Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны долдугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдсантай холбогдуулан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын 1.2-т “Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг энэ хуульд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны зургаадугаар сард багтаан өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.

Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050”-ыг боловсруулж, Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын баримт бичиг нь дараах Хөгжлийн зорилтот хөтөлбөр байна гэж заасан байдаг. Үүнд:

  1. хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр;
  2. нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
  3. эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
  4. байгаль орчны зорилтот хөтөлбөр;
  5. засаглалын зорилтот хөтөлбөр;
  6. бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
  7. үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр юм.

Үүний дагуу Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулах хугацаанд ажлын хэсэг 43 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор төрийн байгууллага, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий нийт 1000 гаруй хүн төслийн хэлэлцүүлэгт оролцож, саналаа тусгасныг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцлов.

Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон, Монголын Эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй онцлогт суурилж, дэлхийн хөгжлийн дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” юм. “Алсын хараа-2050” нь 2030, 2040, 2050 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан эхний арван жилд хүрэх зорилго, зорилтуудыг бүх салбарын оролцоотойгоор хангахад чиглүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор авч үзэн, хөгжлийн үр шимийг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх зарчмыг баримтлан боловсруулсан гэлээ.

Хөгжлийн 6 зорилтот хөтөлбөрийн хүрээнд 28 зорилго, 95 зорилт, 374 үйл ажиллагааг томьёолон тусгасан. Хөгжлийн зорилтот хөтөлбөрт эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, бүтээлч иргэнтэй болох, шударга, ёс зүйтэй, хүмүүнлэг нийгмийг цогцлоох, хүн амын амьжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлт бүхий, мөчлөг сөрсөн эдийн засгийн суурийг бэхжүүлэх чиглэлээр бодитой үр дүн гарсан байх зорилтыг дэвшүүлсэн байна.

Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 онд эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 6 хувьд хадгалах, хүний хөгжлийн индексийг 0.74-өөс 0.85 оноонд хүргэх, дундаж наслалтыг 70.7-оос 78 болгож нэмэгдүүлэх, мөн ядуурлын түвшнийг 28.4-өөс 15 хувь болгож бууруулах, засаглалын үр нөлөөний үзүүлэлтийг 45.7-оос 71.9 нэгж болгон өсгөх, үндэсний өрсөлдөх чадварын индексээр дэлхийд эзлэх эрэмбийг 20 байраар урагшлуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тусгасныг салбарын сайд танилцууллаа.

“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Т.Доржханд нар ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.

Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Х.Булгантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх баримт бичиг цөөнгүй батлагдан гарч байгаа ч хэрэгжилт хангалтгүй байгааг Байнгын хорооны гишүүд хэлж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Батлут нар хөгжлийн зорилтот хөтөлбөрт тусгасан үйл ажиллагаануудын хүрэх үр дүн, суурь үзүүлэлт, төсөв, хөрөнгө оруулалтын тооцоолол хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр нар хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг тодорхой тусгаж, эдийн засгийн үр өгөөжийг бодитоор төлөвлөх, улсын дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийг өргөн хүрээнд тооцоолж, эрэмбэлэх шаардлагатай гэв. Мөн салбар хоорондын бодлогын уялдааг сайжруулах, сахилга, хариуцлагыг чангатгах асуудалд анхаарч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад хэллээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны долдугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ