Монгол Улсын эрчим хүчний салбарыг шинэчлэхэд АНУ 3 сая долларын нэмэлт санхүүжилт олгохоор болжээ
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар байнгын хорооны гишүүдийн хамтаар Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэрээ Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Дина Тайтустай уулзлаа.
Уулзалтын эхэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд 2022 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болон Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээх асуудлаар санал солилцов.
Түүнчлэн "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын талаар товч танилцуулж, энэ хүрээнд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор АНУ-тай эрчим хүчний хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, цахим болон харилцаа, холбооны аюулгүй байдал зэрэг болон бусад чиглэлд нягт хамтын ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчин, Дотоодын аюулгүй байдал, Гадаад хэргийн хороодын гишүүд Монгол Улсад айлчилж Улсын Их Хурлын дарга болон гишүүдтэй уулзаж, хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хоёр парламентын оролцоог бэхжүүлэх алхмуудыг ярилцаж парламент хоорондын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлснийг нэн чухал гэж үзэж байгаа бөгөөд Улсын Их Хурал, Байнгын хороодын зүгээс АНУ-ын Конгресс, байнгын хороод болон Америк-Монголын бүлэгтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.