Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
2022.10.06
Эдийн засаг, Худалдаа
Э.Батшугар: Инфляцийг нэмэгдүүлэхгүй байж, зорилтот түвшинд хүргэх талаар ямар бодлого барьж байна?
Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар /2022.10.06/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Нэгдүгээрт, Нийлүүлэлтийн инфляц нь нийт инфляцын 68 хувийг эзэлж байна. Үүн дээр Монголбанкны зүгээс ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна.
Хоёрдугаарт, Ирэх жил “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд Засгийн газраас томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ. Энэхүү хэрэгжилтэд Монголбанк бодлогоо уялдуулсан уу. Энэхүү төслүүд дийлэнх нь гаднаас тоног төхөөрөмж авах төслүүд байгаа шүү дээ.
Гуравдугаарт, Монгол улсын гадаад бондын зардал 20 хувьд хүрлээ. Ирэх жил бондын эргэн санхүүжилт хийхэд ямар нөлөө өгөх болон яг үүнд чиглэсэн тодорхой бодлого гаргаж чадсан уу. Монгол банканд эрсдэлтэй үеийн нөөц төлөвлөгөө гэж бий юу
Дөрөвдүгээрт, "Бид гадаад валютыг монгол улсад оруулж ирэх бодлого явуулж байна" гэлээ. Өнөөдрийн байдлаар дэд бүтэц нь бүрэн бүрдээгүй байна хэмээн харж байна. Учир нь ам долларын "Корреспондент банк"-тай манай улсын арилжааны банкнаас нэг нь ч холбоо байхгүй. Харилцаа холбоо үүсгэх тал дээр Монголбанкны зүгээс ямар дэмжлэг байна вэ.
Тавдугаарт, Өнгөрөгч 5 дугаарын сарын 1-ээс тоон гарын үсгийн хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнийг арилжааны банкууд хангалттай хэмжээнд хэрэгжүүлж, иргэдэд санхүүгийн үйлчилгээг бүрэн хэмжээнд үзүүлж чадаж байна уу.
Түүний асуултад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулав.