МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.13
Эдийн засаг, Худалдаа

Н.Энхболд: Хувь хүний орлогоос татвар авахаас илүүтэй тансаг хэрэглээнээс татвар авах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2022.10.13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Засгийн газар Улсын их хурлын өмнө бүх хуулийн хэрэгжилтийг бүх шатанд хариуцаж тайлагнадаг үүрэгтэй учраас одоо өөрчлөлт оруулаад ялангуяа засаг, төрийн, захиргааны байгууллагуудын хувьд хяналт, шалгалтын ажлыг яаж хийж байна гэдгийг илүү төрийн алба руу нь өөрчлөлт оруулах гэж байгааг зөв гэж бодож байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хуулийн хэрэгжилтийн явцад яамдаас мэдээ, тайлан, дүгнэлт мониторинг аваад явдаг ийм функц байгаа. Энэ бол байх ёстой функц гэж би боддог.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэг санаа байна. Би байнгын хороон дээр хэлсэн. Хувь хүмүүсийн орлогоос нь хамааруулаад бага орлоготойгоос нь бага, их орлоготойгоос нь их авах санаатай хуулийн төсөл орж ирж байгаа. Зарчмын хувьд шаталсан татварын тогтолцоо байх нь зөв гэж би боддог. Ялангуяа нийгэмд баян ядуугийн ялгаа их болчихсон үед зөв. Гэхдээ оруулж ирж байгаа хувь нь харьцангуй өндөр байна. Үүнд шүүмжлэл их явж байгаа шүү.

Тэгэхээр миний санаа бол ийм байна. Одоо бид нарын авах гэж буй татвар хүмүүсийн ил байгаа орлогоос авч байгаа. Ерөнхий сайд Монголд далд эдийн засаг байна гэж хэлсэн. Энийг яаж ил болгох уу, үүгээр гүйж байгаа мөнгө, орлогыг яаж эргэлтэд оруулах вэ гэдэгт онцгой анхаарах ёстой. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхээс илүү тансаг хэрэглээний татвар дээр анхаарах хэрэгтэй.

Хууль бусаар олсон, далд эдийн засгаас орж ирдэг мөнгөний ил гардаг цэг нь хэрэглээ, борлуулалт, юм худалдаж авах, зарцуулахад гарч ирдэг. Далд эдийн засаг том байгаа бол үүн дээр тооцоо хийгээд тансаг хэрэглээ, мэдэгддэггүй орлогоос, зарцуулж буй мөнгөнөөс татвар авах нь төсвийн хуулийг дагаж орж ирсэн ХХОАТ-ын 12 тэрбумаас арай илүү гарах юм биш биз.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ