С.Ганбаатар: Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байдалд орчихсон
2022.10.17
Улстөр

С.Ганбаатар: Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байдалд орчихсон

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 2016-2022 он хүртэл гурав дахин нэмэгдлээ. Энэ нь төгрөгийн ханшийг унагаж, валют өсөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулчихлаа л даа. Тэр их мөнгө чухам юунд зарцуулагдаад үнэгүйдээд байгаа юм бэ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэндээ Засгийн газар зүгээр л мөнгө хэвлээд, эсвэл гаднаас зээл аваад улс орныг удирддаг бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад хэлмээр байна. Наадахыг чинь дөрөвдүгээр ангийн хүүхэд ч хийж чадна. Чи бод доо.

-Юуг тэр вэ?

-Зүгээр л гуйлга гуйгаад, зээл аваад хөгжсөн улс орон байдаггүй. Мөнгө хэвлэнэ гэдэг нь ард түмнээ хуурч байгаа л явдал. Тэр тэтгэвэр тавьж байгаа биш өөрийнх нь талхны мөнгөнөөс хулгай хийж өөрт нь буцаагаад өгч байгаатай л адилхан зүйл шүү дээ.

Мөнгөний М2 гэдэг үзүүлэлт байдаг. Үүнд 2016 оны зургаадугаар сард 11.1 их наяд төгрөг хэвлэсэн байна. Харин 2020 оны зургаадугаар сард 21.59 их наяд төгрөг хэвлэсэн бол өнгөрсөн наймдугаар сард 27 их наяд төгрөг хэвлэсэн. Энэ бол зүгээр тэтгэвэр, цалингаа авч байгаа хэн ч байсан бүгдийнх нь мөнгийг үнэгүйдүүлж унагаж байгаа юм. Дээр нь олон хүчин зүйл нөлөөлж байна л даа.

-Тухайлбал, гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ?

-Монголбанк, тэр дундаа Засгийн газрын хамтарсан өр гэж хэлнэ. Төрийн худалдан авах чадварыг тогтвортой доод түвшинд барина гэсэн үүрэг бий. Үүнийгээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Монголбанк хоёр хамтраад хийж чадаагүй. Монгол Улсыг дефолт болгочихлоо. Юунаас болж ийм байдалд хүрэв гэхээр Монголын ард түмэн сүүлийн таван жилд 60.2 их наяд төгрөгийг татвараасаа, баялаг бүтээгчдээсээ авсан. Энэ Засгийн газарт татвар төлөгчид тэр их хэмжээний мөнгийг өгсөн байна.

Энэ ямар их мөнгө гэж бодож байна вэ. Наад зах нь гэр хороололд амьдарч байгаа 200 мянган өрхийг орон сууцанд оруулах мөнгө. Улаанбаатарыг гэр хороололгүй болгоход 10-хан их наяд төгрөг хэрэгтэй гэх тооцоо бий. Гэтэл бүхэл бүтэн 60 их наяд төгрөгийг сүүлийн таван жилд зарцуулсан байна. Хамгийн аюултай нь, сүүлийн хоёр жилд МАН, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 24 их наяд төгрөг зарцуулсан байна. Энгийнээр тайлбарлахад, тэр 24 их наяд төгрөгөөр хөдөө, хотгүй бүх айл өрхийг орон сууцтай болгох боломжтой мөнгө юм. Тэгэхээр асар их мөнгө байгаа биз дээ.

ШИНЭ МЭДЭЭ